Лхагва 2019-01-02 Улаангом
Хүний түүх   2021-04-07

Т.Батбуян: Манай төлөг ирэгтэй адил жин татдаг

Нэр: Т.Батбуян 

Байршил: Ховд аймаг, Буянт сум

Эрхэлдэг ажил: "Баруун Монгол агро ферм" компанийн захирал 

Ярилцсан: П.Энхмаа

Сайхан хаваржиж байна уу? Мал төллөөд дөхөж байна уу?

Сайхан хаваржиж байна. Эрт дулаараад хуурайдуу л байна. Төлөө хүлээн авах хаврын ид ажлынхаа ард гарч л байна.

Хонины аж ахуй дагнан эрхэлж буй шинэ үеийн залуу малчны туршлагаас хуваалцахаар холбогдож байна.

     Баярлалаа. “Шинэ эдийн засаг-Увс” хамтын ажиллагааны санаачилгад очиж туршлагаа хуваалцсан. Танай аймгийн ЗДТГ-аас хүмүүс холбогдож, ирж туршлага судлахаар ярьсан. Гэхдээ КОВИД гээд явж, суухад хаа сайгүй л төвөгтэй байна. 2017 оноос  Ховд аймагт хамгийн тохиромжтой хонины аж ахуй дагнан эрхэлье, өрсөлдөх чадвартай, эрүүл, чанартай мах бүс нутагтаа нийлүүлэх зорилготой ажиллаж байна.  

Гэр бүлийнхээ бааз сууриндаа тулгуурлаад мал аж ахуй, тэр дундаа хонины аж ахуй эрхэлье гэж шийдсэн. Хонийг эрчимжүүлж, ашиг шимийг нэмэгдүүлье гээд л ажиллаж байна. Энэ ажилдаа улам шимтэж байгаа.

Залуус мал аж ахуй эрхлэх, хөдөө амьдрах хүсэл зориг багатай болсон ийм цаг үед мал аж ахуй эрхлэх шийдвэр гаргахад юу нөлөөлсөн юм бол?

      Би ШУТИС-ийг Уул уурхайн инженерээр төгссөн. Төгсөөд Хүрэн шанд төсөл дээр инженерээр ажилласан. Цалин, хангамж сайтай ажил хийж байсан ч хувьдаа ажиллаж, бизнестэй болох юм сан гэж боддог байлаа. Ингээд 2016 оноос барилгын салбарт жил гаран ажилласан ч яг хийхийг зорьж байсан зүйл биш хэвээр. Их ажил хийгээд байгаа боловч яг зориод байгаа бүтээхийг хүссэн үнэ цэнтэй зүйл биш байсан. Аав ээж минь сүүлийн 20-оод жил мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Манай эхнэр хүртэл  Мал зүйчээр суралцаж байгаа. Гэр бүлийнхээ бааз сууриндаа тулгуурлаад мал аж ахуй, тэр дундаа хонины аж ахуй эрхэлье гэж шийдсэн. Хонийг эрчимжүүлж, ашиг шимийг нэмэгдүүлье гээд л ажиллаж байна. Энэ ажилдаа улам шимтэж байгаа.

Анхандаа малыг богино хугацаанд эргэлтэд оруулах л зорилго тавьж түүндээ хүрсэн. Одоо бол хониноос авах ноос, арьсны чанарт анхаарч эхэлсэн. Эрүүл малын түүхий эд, таваарын чанар дагаад сайжирдаг юм билээ. Манай хонины ноосны микрон улам нарийсаж, арьс нь жигд зузаан хөрстэй, эмгэггүй болсон.

Хонио хэрхэн эрчимжүүлж байна?

     Малаас авах үр ашгийг дээшлүүлье гэвэл хоёр зүйлийг хийх хэрэгтэй юм билээ. Нэгдүгээрт үүлдэр угсааг нь сайжруулах. Сайн үүлдрийн эцэг малаар үүлдэрлэг чанарыг сайжруулахад ашиг шим нь 30-40 хувь шууд нэмэгдэх боломжтой. 2019 онд романов, меринос, эдильбай, суффолк үүлдрийн хуцаар малынхаа угсааг сайжруулсан. Манайд Монгол, Торгууд, Барга, Сутай гэсэн дотоодын үүлдэр, омгуудаас гадна Шотландын Суффолк, Францын Мерино, Бэричон душер, Оросын Романов, Казакстаны Эдильбай, Африкаас гаралтай Дорпер зэрэг үүлдрийн хуц бий. Нөгөөх нь арчилгаа маллагаа буюу  хүнээс, малчнаас хамаарах зүйлээ тултал хийх юм. Малаа эрчимжүүлэх гэхээр шууд зогсоогоод тэжээнэ гэж буруу ойлгодог. Зогсоож тэжээх нь манайх шиг сэрүүн цаг ууртай оронд тохиромжгүй нь үнэн. 

     Манай хонь жилийн дөрвөн улиралд бэлчээрлэдэг. Малаа эрүүл, стрессгүй байлгахын тулд угаалга, туулгалтын ажлыг тогтмол хийдэг. Сайн үүлдрийн, эрүүл мал нэмэлт тэжээл өгөхөд таваарлаг чанар нь дороо нэмэгддэг. Бид антибиотик тарьдаггүй. Харин чанартай тэжээлийн ургамлыг зөв цагт нь нэмэлтээр өгснөөр хоёр настай хонь жирийн ирэгтэй ижил жин татдаг. Анхандаа малыг богино хугацаанд эргэлтэд оруулах л зорилго тавьж түүндээ хүрсэн. Одоо бол хониноос авах ноос, арьсны чанарт анхаарч эхэлсэн. Эрүүл малын түүхий эд, таваарын чанар дагаад сайжирдаг юм билээ. Манай хонины ноосны микрон улам нарийсаж, арьс нь жигд зузаан хөрстэй, эмгэггүй болсон. Ингэхлээр тухайн түүхий эдээр хийх дараагийн бүтээгдэхүүний чанарт ч сайнаар нөлөөлдөг.

       Мал маллахаа марксизмаар заалгахгүй ээ гэж Монголчууд ярьдаг. Бэлчээрийн монгол малын мах хамгийн сайн нь гэж бас бардамнадаг. Харин уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны мэдлэгтэй хослуулж байж үр ашиг нь дээшилдэг гэдэг нь туршлагаас тань харагдаж байна.

      Байгаль цаг уураа шинжих, оторлох, нүүдэллэх гээд бид арвин туршлагатай ард түмэн. Өвсний толгой дөрөө шүргэдэг байсан цагт бэлчээрт даатгасан мал аж ахуй болж байсан.  Гэтэл өнөөдөр бэлчээр улам доройтож, мал сүргийн тоо толгой өссөөр байна. Харин хэдийд, ямар тэжээлээр хэрхэн тэжээхэд бид суралцах хэрэгтэй болоод байна.  Байгаль цаг уур, өөрчлөгдөөд байхад, мал маллахаа хүнээр заалгахгүй, байгаль авдаг зүйлээ авч байна гээд бардамнаад хол явахгүй болчихлоо. Бид тооноос чанарт шилжих цаг болсон. 365 өдөр амрахгүй хөдөлмөрлөж байгаа малчид үр шимийг бодитоор хүртэх ёстой.

     

     Бэлчээрийн хомсдол, малын үр ашиг, чанар, малчдын хөдөлмөрийн үнэлэмж гээд олон асуудлын шийдэл малыг эрчимжүүлэх. Малчдын дийлэнх нь хонио ирэг болтол нь маллахад  30кг жинтэй мах авч, 200 орчим мянган төгрөгөөр зардаг. Арьс, ноос нь үнэгүйдчихсэн. Тав зургаан жилийн хөдөлмөр үнэгүйдэж байна. Дунжаар нэг хонийг ингэж маллахад 220 орчим мянган төгрөгийн зардал гардаг тооцоо бий. Зургаан жилийн турш өвдөх, зудад нэрвэгдэх зэрэг эрсдэлийг даваад түүнд зориулсан зардалтайгаа тэнцэх хэмжээгээр зардаг нь үр ашиггүйгээс гадна, муу бизнесийн хэлбэр. Гадаад мах экспортолъё гэвэл нэгдүгээр шаардлага нь гарал үүсэл буюу эрүүл  мах гэдгээ батлах. Үүнд ямар үүлдрийнх вэ гэдгээс эхлээд хэзээ ямар тэжээлээр бордсон, угаалга, туулга, тарилгыг хэзээ хэрхэн хийсэн гээд олон мэдээлэл багтдаг. Ингэж байж монгол малын махны өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Тэгэхээр мал маллахад стандартууд зүй ёсоор тавигдаж байна гэсэн үг үү?

     Мал маллах бол бизнес, үйлдвэрлэл  эрхэлж байна гэсэн үг. Тиймээс хэрэглэгчдийн тавьж буй стандартуудыг хангах ёстой. Гүнзгийрүүлээд яривал малаа яаж хөнгөлөх үү? гэдэг хүртэл судлах шаардлагатай болсон.  Дэлхийд мал хөнгөлөх маш олон аргаас Монголчууд бид бөөсөг сугалах буюу цус гаргах аргыг түлхүү хэрэглэдэг. Сүүлийн үед төөнөж хөнгөлөх тухай их яригдаж байна. Малын засаанд тухайн эр малын өсөлтийн гормон ялгарч байдаг. Төөнөж хөнгөлсөн мал илүү таваарлаг байх боломжтойг судлан тогтоосон. Тэгэхээр малыг илүү зохион байгуулалтай маллаж, шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглавал бидний хөдөлмөр илүү үнэ цэнтэй болох боломжтой.

Малчид мал маллахад 100% хөдөлмөр зарцуулдаг бол бид 200% хөдөлмөр зарцуулж, цаг хугацаа хождог. Зургаан жилийн хөдөлмөрийг 2-3 жилд  хийж,  2 дахин их ашигтай ажилладаг.  

      Манайх ХААИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, малаа өсгөж тоогоос ашиг олно гэж биш нэгж малаас авах түүхий эдийн чанартаа анхаарсаар ирсэн. Ингэж ашиг хүртэх боломжоо улам нэмэгдүүлэхийн тулд шинжлэх ухааны мэдлэг шингэсэн арчилгаа, маллагаа чухал.  Яагаад гэвэл нэг нь нөгөөгөөс хамааралтай, хэр их холбогдож чадсан нь сайжрах боломжтой цаг үед бид амьдарч байна. Малчид бид эрүүл хүнс, гутал, цамцны түүхий эдийг үйлдвэрлэдэг. Монгол хонины арьс өт хорхойд шимэгдсэн, хачиг, бөөснөөс болоод нүхэжсэн байдаг. Мөн бойлох, нядлах үедээ арьсыг хэрчиж гэмтээх нь дараагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дамжлагад гологддог. Гологдолгүй түүхий эд үйлдвэрлэхийн тулд дахиад л стандарт мөрдөх хэрэгтэй.   Хоёрдугаарт махны гарцаа сайжруулах. Малчид мал маллахад 100% хөдөлмөр зарцуулдаг бол бид 200% хөдөлмөр зарцуулж, цаг хугацаа хождог. Зургаан жилийн хөдөлмөрийг 2-3 жилд  хийж,  2 дахин их ашигтай ажилладаг.  

Олон нийт болон орон нутгийн төрийн байгууллагууд хэрхэн анхаарч анзаардаг вэ?

Орон нутгийн байгууллагууд бол зөвхөн улс төрийн өнцгөөр хардаг. Харин олон улсын байгууллагуудаас НҮБ, Нэмүү өртгийн сүлжээний төслийнхөн гэх мэт байгууллага  маш их хамтарч, дэмжиж ажилладаг. Аж ахуй эрхлэх талаар зөвлөгөө их өгдөг. Монголчууд өөрсдөө их асуудалтай. Орон нутгийн хурал зөвлөгөөн дээр үргэлж мал аж ахуйг эрчимжүүлж, сайжруулъя ихэсгэе гэдэг ч малчдаа дэмждэггүй. Тодорхой үр дүнгээ өгөөд, туршлагаа олж ажиллаад эхэлчихсэн байхад үүнийг дэмжиж сайшааж ажилладаггүй.

Цаг гарган ярилцаж, туршлагаа хуваалцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

 

 

5235   0
НИЙТЭЛСЭН: MyUvs