Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Энхтуяа: Өвдөж зовоход ч, жаргаж баясахад түшиж хажууд минь байдаг нутгийнхан, хамт олондоо маш их баярлалаа
Утсаар эхэлсэн яриа хоёр хоногийн дараа гэрт нь үргэлжилж байгаа нь энэ. “Эгч нь шагналаа гардаж аваагүй л байна. Гэнэт маш завгүй хүн болчихлоо. Хамт олон маань дуудаж баярлуулаад. Шагналаа гардаж аваагүй байхад л хүндэтгэл үзүүлж, баяр хуваалцаад. Та бүхэн ярилцлага авах гэж уриад л. Зөв үү? буруу юу? мэдэхгүй ээ. Ямар ч байсан явах гэж байгаагаа хэлээд явъя гэж бодоод эгч нь залгаж хэллээ” гэсээр биднийг угтлаа. Шагналаа гардаж авахаар Улаанбаатар явахаас өмнө амжиж ярилцсан нь энэ.
Н.Наранзаяа: Шагнал нүдээ оллоо гэж олон хүн баярлаж, танаар бахархаж байна. Шагнууллаа гэдгийг мэдсэн тухайн үеийн мэдрэмж, сэтгэгдлээ хуваалцана уу?
Ц.Энхтуяа: Маш их баярлалаа. 2021 оны тавдугаар сарын 13-ны орой 18 цагт ерөнхийлөгчийн тамгын газраас “Та МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасан байна. Танд баяр хүргэе” гэж ярьсан. Гэртээ байсан болохоор хамгийн түрүүнд хүүдээ хэлсэн. Тухайн үед маш их огшиж, догдолж,баярлаж ойр тойрныхоо бүх хүн рүү утсаар залгаж, гавьяат ажилтан болсноо хуваалцсан. Увс нутгийн минь ах дүүс, төрөл төрөгсөд, Нэгдсэн эмнэлгийн хамт олны минь буян. Шагнал авснаас хойш хүмүүс тасралтгүй баяр хүргэж байгаад бүр их баярлаж байна. Өвдөж зовоход ч, жаргаж баясахад ч хажууд минь байдаг ард олондоо маш их баярлалаа.
“Эгчээ та хэдэн жил ажиллаж байгаа юм бэ гэж гайхшрангүй асуусан. 36 жил ажиллаж байна гэхэд “Тийм байх аа. Миний өвөө, аав минь, бас би. Одоо миний хүүхэд танаар сувилуулж байна. Дөрвөн үеэрээ л танаар эмчлүүлжээ. Яасан сайхан юм бэ? Таныг хараад л эдгэрэх шиг боллоо”
П.Энхмаа: Ц.Энхтуяа эгч үргэлжлүүлэн ярина. “Ийм том шагнал авлаа. Хань минь байсан ч болоосой. Амьд ахуйд нь арай л их өвдөж сэтгэлийг нь чилээсэн дээ. Надаас илүү баярлах хүн хань минь л байсан даа ” хэмээн сүүрс алдана. Хэсэг чимээгүй болцгоов. Юу ч хэлэх билээ. Ажин түжин байдлыг эвдэж Н.Наранзаяа үргэлжлүүлэн асуув.
Н.Наранзаяа: Ард олныхоо эрүүл мэндийн төлөө 36 жил ажиллаж, олон хүн эмчилж, асарч, сувилсан таны хувьд мэргэжлээсээ авдаг хамгийн сайхан мэдрэмж нь юу вэ?
Ц.Энхтуяа: Эгч нь өнгөрсөн оны сүүлээр гавьяаныхаа амралтад гарсаан. Намайг ажиллаж байхад нэгэн өвчтөн надаас “Эгчээ та хэдэн жил ажиллаж байгаа юм бэ гэж гайхшрангүй асуусан. 36 жил ажиллаж байна гэхэд “Тийм байх аа. Миний өвөө, аав минь, бас би. Одоо миний хүүхэд танаар сувилуулж байна. Дөрвөн үеэрээ л танаар эмчлүүлжээ. Яасан сайхан юм бэ? Таныг хараад л эдгэрэх шиг боллоо” гэж хэлэхэд нь маш их баярласан. Олон хүний талархсан сэтгэл, халуун дулаан үг сонсоод хязгааргүй их баярладаг. Энэ мэргэжлээрээ бахархдаг. Ид ажиллаж байх үедээ стандарт баримталдаг хариуцлагатай сувилагч байхын төлөө чармайдаг байлаа. Сувилахуйн стандарт бол сэтгэлд хүрсэн үйлчилгээ л гэсэн үг шүү дээ. Ягштал баримтлан ажилладаг байсан тэр стандарт, шаардлагууд л өнөөдөр баяр, талархал, шагнал болон ирж байна л гэж бодож байна.
П.Энхмаа: Ягштал баримталдаг сувилахуйн стандарт сэтгэл хүрсэн үйлчилгээ болж баяр, бахархал дагуулдаг. Энгийн мөртлөө сайхан тодорхойлолт байна гэж би бататган бодлоо. Сувилахуйн мэргэжлийн тухай яриа анх сувилагч болж байсан үеийн дурсамж болон хөвөрлөө.
СУВИЛАХУЙН СТАНДАРТ ХАНГАСАН СУВИЛАГЧ БАЙХЫГ Л ХИЧЭЭЖ АЖИЛЛАСАН
Ц.Энхтуяа: 1985 онд анх сувилагч болоод аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт ирж байлаа. Анхандаа хүүхдийн тасагт ажиллахаар болсон ч Ерөнхий эмч дуудаад мэс заслын тасагт ажиллах даалгавар өгсөн. Мэс заслын тасгийн Н.Отгон сувилагч, Ч.Жамсран эмч, Ж.Батдорж эмч, Хөдөлмөрийн баатар, Хүний гавьяат эмч Х.Дэлэг эмч нар намайг угтаж авсан. Олон жил ажилласан, туршлагатай, чадвартай эмч нар дээр очиж ажилласнаас хойш мэс заслын Энхтуяа, Боолтны Энхтуяа гэж овогтой болтлоо 36 ажиллажээ.
Алдах, алгуурлах эрхгүй ажил шүү мэс заслын сувилагч гэдэг.
Н.Наранзаяа: Таныг хагалгааны Ц.Энхтуяа гэж ажлаар тань овоглох нь их. Мэс заслын сувилагч байхын онцлог нь юу вэ?
Ц.Энхтуяа: Миний мэргэжил бол багийн ажиллагаатай нягт холбоотой. Мэс заслын тасгийн ахмад үе алтан үе, дунд үе, залуу үеүдтэй хамтран ажиллалаа. Би чинь кинон дээр гардаг Гочоо шиг их олон зүйл сурч, хийж үзсэн. Хагалгааны сувилагчийн дагалдах дамжаанд сууж хагалгааны сувилагч, сэхээн амьдруулах тасагт судас олох, жижиг нарийн ажлуудыг сурч, цусны станцад бүлэг тодорхойлж сурсан даа. Отгон сувилгч их сайн чиглүүлж сургасаан. Мэс заслын сувилагчийн шүүлтүүрт тэнцэж үлдэхийн тулд, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд их ч хичээсэн. Би чинь нууцхан шартай, зорьсондоо шатаж, шаргуу ажилладаг хүн. Өнөөдөр алдах шахсан зүйлээ маргааш гэхэд алдахгүй хийж сурна гээд л өөртөө хатуу шаардлага тавина. Алдах, алгуурлах эрхгүй ажил шүү мэс заслын сувилагч гэдэг.
П.Энхмаа: Нээрээ л мэс заслын сувилагч гэж хариуцлагатай, эрэмбэтэй ажил байх даа гэж лавшруулан бодлоо. Чадвартай, итгэлтэй сувилагч болно гэж өөртөө амласан залуу насны шаралхалаас үүдэлтэй түүхээ тэрээр дурсан ярив. Намуухан, дөлгөөхөн харагдах ч шартай бүсүй байж.
Хүнийг зөв залж, чиглүүлдэг алтан үеийн эмч, сувилагч нартай хамт ажиллаж, ажлын дөр суусан би их азтай хүн.
Ц.Энхтуяа: Эмч нар Н.Отгон сувилагчтай л хамт хагалгаанд орно гэж сонгоно. Гавьяат, нүдний А.Сүрэнжав эмч нэг удаа “Отгонтой орно. Отгонтой орно” гэсээр хүлээж байгаад өмнөх хагалгааг нь дуусгаад орж билээ. Тэгэхэд би жаахан шаралхаж үлдсэн юм шиг байгаа юм. Бодогдоод салахгүй. Тэгээд дотроо Отгон сувилагч шиг л чадвартай итгэлтэй, сувилагч болно гэж өөртөө амласан. Ингээд л хичээж эхэлсэн дээ. Давтан, давтан хийгээд л, бүх талаар өөрийгөө бэлдээд л. Хэдэн сарын дараа хагалгаанд ороход “Эмч нар ахиж чамайг голохгүй, яасан мундаг болсон юм бэ? Сувилагчийн хийх ёстой деталь ажлуудыг маш цэвэрхэн зөв, хурдан шаламгай хийж сурчээ.” гэж их магтаж байсан нь одоо хүртэл чихэнд сонсогдож байна. Хүнийг зөв залж, чиглүүлдэг алтан үеийн эмч, сувилагч нартай хамт ажиллаж, ажлын дөр суусан би их азтай хүн. Хөдөлмөрийн баатар Х.Дэлэг эмч “Эмч, сувилагч, өвчтөн гурав бол салж болохгүй салаа мөчир. Хийсэн боолтоо заавал эргэж харж байгаарай. Өөр тасагт шилжсэн араас чиг тавьж зөвлөж бай. Энэ бол хариуцлага гэхээс илүү ёс суртхуун, хүн чанар юм шүү” гэж зааварлана.
Н.Наранзаяа: Сувилахуй бол стандарт гэж та хэллээ. Энэ мэргэжлийн ажиллахад шантармаар, халширмаар үе байсан уу?
Ц.Энхтуяа: Юун шантрах. /инээв/ Өнөөдөр муухан хийснээ маргааш сайн хийх гэж хичээж тасралтгүй суралцдаг ажил шүү дээ, сувилагчийн ажил гэдэг чинь. Хэцүү байна гэж бодож амжихгүй суралцсаар 36 жил болчихсон байна. Нар салхинд ч, аваар ослын дунд ч, алслагдсан хол суманд ч, хахир өвлийн хүйтэнд ч дуудагдаад явдaг байсан даа. Ямар сайндаа манай хүү багадаа эмнэлэгийн холын дуудлагын машин ирэхээр “Энэ машин ирээд авахаар ээж удаж ирдэг. явуулахгүй” гэж урваганадаг байв. Эргээд харахад эрүүл мэндээ үл хайхарч, гэр бүлээ орхигдуулж цаг наргүй л явдаг байж. Гэсэн ч сайхан дурсамж, сайхан түүх шүү дээ. Одоо ч бүх зүйл сайхан болж. Улам л боловсронгуй, сайхан болж байна шүү дээ. Стандарт үргэлж шинэчлэгдэнэ. Ямар хагалгааны боолтыг хэдэн минутад хийх вэ? гэдэг хүртэл стандарт байдаг. Сувилахуйн үйлчилгээний стандарт хангасан сувилагч болохын төлөө л ажиллаж иржээ. Үе үеийн сувилахунй ахлах мэргэжилтэн, менежерүүд сувилахуйн үйлчилгээг чанартай, стандарт хангахад өндөр шаардлага тавьж, биднийг дадлагажуулдаг байсан. Ажил мэргэжилд хатуу шаардлагатай ч, ээж, эгч шиг дотно зөвлөдөг эрхэм сайн чанаруудыг ахмад үеэсээ торуулбал Б.Жигүүсэн эгчээс суралцдаг байлаа.
БҮЖИГТ ДУРТАЙ СУВИЛАГЧ БАЙЛАА
Н.Наранзаяа: Эрүүл мэндийн салбарын мэргэжил яагаад сонгосон бэ? Өөрийн хүслээр сонгосон уу?
Ц.Энхтуяа: Би эхээс наймуулаа. Айлын бага охин. Ээж минь надад хэлэхдээ энэ найман хүн дотор цагаан халад өмссөн хүн алга. Миний охин зөөлөн сэтгэлтэй шүү. Охин минь л эмчийн мэргэжил сонгоорой гэж хүссэн. Тухайн үедээ элсэлтийн шалгалтад ороод сэтгэл их хувирч байлаа. Гадаад руу сургуульд явчихмаар санагддаг, аль эсвэл химийн багш болчихмоор юм шиг олон хувирч байсан. Яг мэргэжлээ сонгох гээд ороход ээжийн дуу чихэнд сонсогдоод өөр мэргэжил сонгож чадалгүй Анагаахын дунд сургуульд сувилагч мэргэжлээр суралцах болсон. Ээж минь намайг цагаан халад өмсөөд ажиллахыг харж чадаагүй ч сонгож өгсөн мэргэжил буруу байгаагүй ээ.
Н.Наранзаяа: Оюутан ахуй үеэ дурсвал? Хаана суралцсан бэ?
Ц.Энхтуяа: 1983 онд Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургуульд элсэн орсон. Дотуур байранд хоёр жил амьдарсан. Оюутны тэтгэмжтэй, байр маань тохилог дулаахан, цэвэрхэн их сайхан. Оюутан үеийн найзууд маань намайг их догь гэж хэлдэг байсан. Найзууд дундаа л ээж шиг нь зан гаргадаг байсан гээд. Гэрээс нь илгээмж ирэхгүй удвал өөрийнхөөсөө өгөөд, аргаддаг, эвлэдэг байсан болохоор тэр байх. Энэ өдрүүдэд олон жил холбоогүй байсан оюутан ангийн найзууд, сургууль хамт олон маань холбогдож байгаад сэтгэл их хөдөлж, буцаад оюутан насандаа очсон юм шиг сайхан байна.
“Сувилагч мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөн ажилласанд баярлаж, сургуулийн бахархал шүү” хэмээсэнд их баярласан
П.Энхмаа: Зөвтгөж, зөөллөж ярих Ц.Энхтуяа эгч үргэлж бусдад талархаж уярна. Говь-Алтайн Анагаахын дунд сургуулийн одоогийн удирдлагууд холбогдож: “Сувилагч мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөн ажилласанд баярлаж, сургуулийн бахархал шүү” хэмээсэнд их баярласан гэнэ. Өөрөө шагнуулсан гэхээс илүү сувилахуйн хөдөлмөрийг төр засаг үнэллээ гэж баярлаж байна. Бас араас минь дагаад олон хүн хөдөлмөрөө үнэлүүлээсэй. Өөрийгөө “булган сүүлтэй” байгаасай гэж бас бодож байна. Надаас үргэлжилвэл сайхан шүү дээ” гээд үргэлжлэх, үлдэх сайхны тухай билэгдэн ярьсаар л... Бүүр шөнө боллоо. Маргааш өглөө эрт явна гэсэн. Ярилцлага дуусах яагаа ч үгүй хэвээр.
Ц.Энхтуяа: Би арван жилдээ сагс, тоглодог байлаа. Үеийнхэн маань хавирга Энхээ гэж хочилно. Хавиргалж ирж байгаад шидсэн бөмбөг гоол орчихно. Бас залуудаа бүжигт явах дуртай байлаа. Сувилагч болоод удаагүй байхад нэг удаа бүжигт яваад. Тэгтэл яаралтай хагалгаа гарч бөөн эрэл сурал болсон байсан. Дараа нь Х.Дэлэг эмч “За чи айхтар бүжигчин охин байна. Дараа нь ажлын цаг тарсан ч гэсэн жижүүрт хаана очихоо мэдэгдэж байгаа гэсэн. Түүнээс хойш нийтийн бижигт явахаараа “тэдэн цаг бүжиг хийнэ” гээд жижүүртээ тэмдэглүүлээд явдаг байлаа”. Зайлуул сүүлдхэн Х.Дэлэг баатар эмч “Чи хүүхээд бүжиг танц гэхээ бүр болив уу.” гээд гэмшингүй асууж билээ.
Н.Наранзаяа: Идэр залуу байхад тань эмч нар Отгон сувилагчтай л хагалгаанд орно гэдэг байсан шиг хагалгаанд орсон хүмүүс Энхээгээр боолгоно гээд дугаарладаг болсон гэдэг. Бусдын итгэл хүлээж, тэднээр хүрээлэхийг юу гэж илэрхийлэх вэ?
Ц.Энхтуяа: Алдар гавьяанд хүрнэ. Хүмүүсээр хүндлүүлнэ гэж бодолгүй ажилласан даа. Анх сувилагч болоход л чиглүүлж заасан хүмүүсийн ач. Хүмүүст үүдэнд дугаарлаад сууж байна. Заримдаа чи, би болно. Би гарч ирээд “За хүмүүсээ та бүхэн бухимдалгүй дарааллаараа ороод ирээрэй. Би бүгдийг нь боож дуусгаад цайндаа явна” гэх зэргээр тайвшруулчхаад ороод ажлаа хийнэ. Гэхдээ олон хүн байна гээд дутуу хийхгүй. Таван удаа цэвэрлэх стандарттай бол түүнийгээ л ягштал хийнэ. За тэгээд айж хургасан хүүхэд байвал сайхан ярилцана. Бага насны хүүхэд бол ээж, аавыг нь хамт оруулаад зоригжуулна. Бидний ажлаар л салбарын нэр хүнд сайн муу хэлүүлэх учраас хичээж ажилладаг байлаа.
Н.Наранзаяа: Та олон шавь бэлдэв үү?
Ц.Энхтуяа: Би ажлаа Төгсбаяр гээд чадварлаг сайн залууд уламжлуулсан. Шавиа гэж хэлж чадахгүй ч 36 жил ажилласан хувийн туршлагаас мартаж, орхиж болохгүй зүйлсийг чадахаараа зааж өгөхийг хичээсэн. Миний отгон шавь Цолмонгийн Цээлэйнамсан гэж их зөөлөн зантай, оюунлаг сувилагч бий. 5-6 жил хамт ажиллаж, хажууд минь явсан болохоор амьдралын хар бор ухаан, мэргэжлийн үнэ цэнэ бүхий л зүйлсээ хэлж өгдөг байлаа. Миний хэлсэн бүхнийг сурч үлдсэн дээ.
Багаж хэрэгсэл нь илүү амар, олдоц ихтэй байгаа энэ үед мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж байгаарай. Бүх зүйл таатай, тухтай болж буй энэ цагт эрүүл мэндээ анхаарч байгаарай, Гэр бүлдээ ч цаг гаргаарай.
Н.Наранзаяа: Одоо ажиллаж байгаа салбарын хамт олондоо хандаж юу захих вэ?
Ц.Энхтуяа: Техник технологийн маш их хөгжиж байна, түүнийгээ дагаад боловсон хүчний ур чадвар ч өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Багаж хэрэгсэл нь илүү амар, олдоц ихтэй байгаа энэ үед мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж байгаарай. Бүх зүйл таатай, тухтай болж буй энэ цагт эрүүл мэндээ анхаарч байгаарай, Гэр бүлдээ ч цаг гаргаарай. Миний хувьд ажил мэргэжилдээ улайрч ажилладаг байсан болохоор хувийн амьдралаа их оройтож зохиосон. Нэг зүйлийг тууштай хийхийн тулд заавал нөгөө зүйлийг орхиж байсан. Хувийн амьдралаа нөхөртөө даатгачихаад өдөр шөнийг ялгалгүй өөрийн хүслээр ажиллаж байсан. Тийм болохоор залуу эмч, сувилагч нартаа аль, алийг нь орхихгүй амьдралаа ч, ажлаа ч сайн хийж олон сайхан хүүхэд төрүүлж амьдраарай гэж аминчлан захимаар байна.
ЭЛГЭЭ ХУВААН АМЬ БЭЛЭГЛЭСЭН ДҮҮГЭЭ ХҮҮ ШИГЭЭ Л САНАДАГ
П.Энхмаа: Хөөрөлдөөн маань “хэцүүхэн” хэсэг рүү шилжих нээ. Ярилцлага эхлэхэд зангирч байсан нулимс дүүрээд ирэх шиг. Зовоход бас жаргахад түшиж ирдэг хамт олондоо, нутгийнхандаа баярлалаа гэсэн сэтгэлийн үг. Элэг шилжүүлэн суулгах мэс засал. Дахиад бас нэг хагалгаа...
Ц.Энхтуяа эгч яриагаа лавшрууллаа.
”Амьдрал төгсөх гээд байна шүү. Нэгд донор, хоёрт мөнгө хэрэгтэй. Мэргэжлээрээ нэг аймагт ийм олон жил ажилласан болохоор нутгийн ах дүүс тань танд тусална аа. Хандив цуглуулахаас өөр аргагүй. Сарын дотор амжуулаад ирээрэй. Илүү хугацаа байхгүй шүү” гээд тулгах, зөвлөхийн завсар хэлсэн.
Ц.Энхтуяа: Би элэг өвдөөд хагалгаанаас боолт руу шилжсэн юм шүү дээ. Шөнө ээлжинд ажиллах нь элгэнд ачаалал өгч, өвчинд нэрмээс болох учраас удирдлагууд маань зохион байгуулалт хийсэн амбулатори руу шилжүүлсэн. Оношлогдсоноос хойш эмчилгээ хийлгэж, гам сахисан ч хожимдсон байсан. Элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүйд болчихлоо. Мөнгө их хэрэг болно. Яахаа мэдэхгүй байтал хавдрын Ж.Чинбүрэн эмч: ”Амьдрал төгсөх гээд байна шүү. Нэгд донор, хоёрт мөнгө хэрэгтэй. Мэргэжлээрээ нэг аймагт ийм олон жил ажилласан болохоор нутгийн ах дүүс тань танд тусална аа. Хандив цуглуулахаас өөр аргагүй. Сарын дотор амжуулаад ирээрэй. Илүү хугацаа байхгүй шүү” гээд тулгах, зөвлөхийн завсар хэлсэн. Хоёр талын ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон найз нөхөд бүгд л хөдөлцгөөсөн. Хандивын аян ч өрнүүллээ. Эмчилгээний зардал 21 хоногийн дотор гайхамшигтай хурдан бүрдсэн дээ.
П.Энхмаа: Ц.Энхтуяа эгчийн хагалгааны зардал цуглуулах хандив өрнөж байсны санаж байна. Өгье гэвэл ганцаас гэдэг шиг эмнүүлсэн, сувилуулсан хүмүүс энд тэндээс байгаагаасаа илүүчлээд, бариад ирж байсан. Буянтай, сайхан ажилтай, ажилдаа эзэн болж олон хүнд амьдрал хайрласан хүн босоод ирнээ гэж ахмадууд хурайлж байсан даа. Эрүүл, саруул болсон учраас ярилцаад сууж байгаа мөртлөө “донор нь яасан бол? Хугацаа алдаагүй байгаасай” гэж дотноо адган бодлоо. Нөгөө зөөлөн, нинжин инээмсэглэл тодорч яриа үргэлжилсээр.
Ц.Энхтуяа: Намайг амьдруулахын тулд ах эгч нарын 14 хүүхэд элэгнээсээ элэг эмтлэн өгөхөөр шинжлүүлсэн. Дэндүү халуун, сайхан сэтгэл шүү бурхан өршөөг. Тэднээс хүргэн ахын ах дүү хоёр залуугийн элэг таарсан. Ингээд хоёр дүүгээ дагуулаад, ханьтайгаа энэтхэгийг зорьсон. Очоод дахин шинжилгээ өгөхөд хоёр зээгийн минь дүүгийнх нь элэг яв цав таарсан. Эмч нар “төрсөн хүүхэд шиг тань таарч байна гэж” хэлээд хагалгаандаа орсон. Хагалгаа ч амжилттай болж. Би залуухан, эрүүл элэгтэйгээр дахин амьдарч эхэлсэн. Зургаан сарын дараа гэхэд донорын маань элэг ч төлжиж ургасан.
Н.Наранзаяа: Өглөг өглөгийн дээд донор болох л байх?
Ц.Энхтуяа: Тэгэлгүй яахав. Өгөөмөр сэтгэл. Би хүүдээ үргэлж захидаг. Ээж нь хоёр сайхан хүүтэй. Хэдий хүйгээр холбогдоогүй ч амин эрхтнээрээ холбогдсон. Миний хүү үргэлж өөрийн төрсөн ах шигээ хайрлаж, тулж түшиж яв. Ядарсан үедээ нэгэн дээрээ гүйгээд оч гэж хэлдэг. Эрхтнээсээ эрхтэн, аминаасаа амь тасалж өгсөн дүүдээ баярладаг. Одоо би залуу сайхан элэгтэй амьдарч байна. Дүү минь гэр бүл зохиогоод аав болчихсон. Баярт мэдээг дуулаад хүрээд ирээрэй гээд тэсэн ядан хүлээж байгаа. Үргэлж гэрэлтэй жаргалтай яваарай гэж дүүгээ үргэлж ерөөж байдаг.
ГАВЬЯАТЫН ТОДОРХОЙЛОЛТ ЯВУУЛАХАД ХАНЬ МИНЬ МАРГААШ ИРЧИХ ЮМ ШИГ Л БАЯРЛАЖ БАЙЖ БИЛЭЭ
П.Энхмаа: Ханийг минь Т.Сайнхүү гэдэг. Найз нөхөд, садан төрлүүд Манкаа гэж дуудна. Оройтож ирэхэд дулаан гэрт, халуун хоолтой хүлээж суудаг ханиараа энэ өдрүүдэд бүр илүү дутах юм. Эгч нь уйлах инээх хоёрыг зэрэгцүүлээд л байж байна даа. Уйлахаар босоод ирдэг бол бүгд нийлж уйлж байгаад л босгоод ирмээр байна гэсэн үг зүрх шимшрүүлнэ. Уйлаад уйлаад гуйвч буцааж өгдөггүйг яалтай...
Ц.Энхтуяа: Ажил маань өдөр, шөнө ялгадаггүй байсан болохоор ар гэр, амьдрал гээд бүх зүйлийг тэр минь зохицуулдаг. Ажлаас ирэхэд цэвэрхэн гэр, халуун хоолтой инээгээд л намайг угтдаг байсан даа. 2017 онд би бас нэг хүнд хагалгаанд орсон юм. Шинжилгээ авч байтал цөсний суваг гэмтээд маш удаан ухаангүй байсан. Ус уух хувь нь дийлж ухаан орсон. Тэгэхэд хань минь “Энхээ чи бидний гэрэл гэгээ, дуу хоолой, чамгүйгээр бид хэн ч биш, Чи байхгүй бол харанхуй нөмрөх юм байна. Би чиний сүүлд л үхэхгүй юм шүү гэж их хэлж байсан.” өөртөө гэмших юмаа. Хэтэрхий их өвдөөд ханийгаа их зовоосон доо. Бурхан надад өвчинг даваад гарах сэтгэл зүй, өвчин эдгээсэн ч зөрүүтэй юм шиг ханийг минь аваад явчихсан. Эрүүл мэндийн шинжилгээгээр эрүүл гардаг болохоор юу ч боддоггүй байлаа. Үүрд дурсагдаж, үргэлж л санагдах юм. Нэгэн биений минь нөгөө тал үгүй болчихсон болохоор аз жаргал баяр хөөр болсон ч ямар нэг зүйлээр дутаж байна. 2019 онд тодорхойлт хамт олон явуулж байхад маргааш нь ирчих юм шиг л баярлаж байсан. Аавыгаа орлосон хүү минь байгаа болохоор гээд л өөрийгөө зоригжуулж байна даа эгч нь. Ах дүүс минь хайрлан энэрч, хамт олон минь түшиж тулж байхад хүү бид хоёр алзахгүй ээ.
22 цагийн хагалгааны дараа босож ирэхдээ нэг аяга ус, чанаж шахсан давсгүй будаа идэхэд ямар амттай байсан гээч.
Н.Наранзаяа: Таны яриа олон хүнд бахархал төрүүлж, утга, урам нэмж, ухаарал бэлэглэх байх. Үнэхээр баялаг түүхтэй юмаа. Яриаг тань сонсоод сэтгэл хөдөлж, танаар бахархаж байна. Баяр, гуниг, жаргал хосолсон энэ амьдралын үнэ цэн нь юунд оршдог бол гэж асуумаар байна.
Ц.Энхтуяа: Хааяа хүүтэйгээ өөрт тохиолдсон зүйлсээ хуваалцаж ярилцана. Хүүтэйгээ ярилцаж байгаад хэлсэн үг санаанд орж ирж байна. “Ээж нь 22 цагийн хагалгааны дараа босож ирэхдээ нэг аяга ус, чанаж шахсан давсгүй будаа идэхэд ямар амттай байсан гээч. Хэзээ ч төсөөлж байгаагүй, бас үгээр илэрхийлж боломгүй амт. Амьдралд жаргалтай зовлонтой олон үе тохиолддог ч даваад гарсан үедээ өмнө мэдэрдэггүй байсан аз жаргалаа мэдэрдэг юм шүү” гэж. Тийм болохоор байгаа бүхэндээ талархаж хайр л түгээх нь хамгийн том утга учир байх. Хүн чанар ханхлуулж яв, ааш дөлгөөн, аядуу байгаарай гэж би хэлэх дуртай. Эерэг харилцаа, сайхан сэтгэлийг хослуулж чадвал өвчтэй хүн ч сэтгэлээрээ эдгэрдэг. Өвдсөн ч бай өвдөөгүй ч бай тэр хүнд үргэлж сэтгэлийн дэм тус хайрлаж байгаарай гэж захих дуртай.
Н.Наранзаяа: Бидний урилгыг хүлээн авч, шөнө дөл болтол сэтгэлээ уудлан ярилцсанд баярлалаа.
Энэ ярилцлагыг хийж байгаад баярлалаа. Надад хайраа өгч, намайг хайрлаж байгаа нутгийн ард түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ ач тусыг марталгүй, үргэлж санаж бодож, чадахаараа тусалж явна гэдгээ хэлмээр байна. Шагнал минь булган сүүлтэй байж Увс нутгаас минь олон, олон гавьяат төрөх болтугай.
Цаг, зав гарган ярилцсан танд баярлалаа