Лхагва 2019-01-02 Улаангом
MOJO   2021-06-03

“Хөдөө аж ахуйн 100 залуу мэргэжилтэн” хөтөлбөрийн оролцогчид дадлагадаа гарлаа

            Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадын орлого нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд Увс аймаг онцгой анхаарч “Шинэ хөдөө-Увс” төслийг хэрэгжүүлж буй. Ирэх жилүүдэд энэ төслийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртэй уялдуулан салбарын хүний нөөцийг чадавхжуулах “Хөдөө аж ахуйн мэргэшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, эхний 100 залуу сургалтад хамрагдаж байна. Онол суурьтай, дадлага давамгайлсан тус хөтөлбөрийг аймгийн Засаг даргын тамгын газар, Улаангом Политехник коллежтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Залуу мэргэжилтнүүдийг Уламжлалт мал аж ахуйн фермер, Хүлэмжийн аж ахуй хүнсний ногооны фермер, Сүү,сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан, Тэжээлийн ургамал тариалах, Хөдөө аж ахуйн машиг механизмын засварчин гэсэн чиглэлээр сурган дадлагажуулна. Суралцагчид өнөөдрөөс эхлэл үйлдвэрлэлийн дадлагаа эхлүүлж байна.

“Улаангом” Политехник коллежийн багш С.Батболд: Хөдөө аж ахуйн машин механизмын засвар үйлчилгээ, тохируулга хийхэд сургана

            “Машин механизмын засварын үед кабинд хэрхэвч суувч болохгүй. Аюулгүй байдал нэгдүгээрт” хэмээн Улаангом Политехник техник коллежийн Хөдөө аж ахуйн машин механизмын багш С.Батболд хөтөлбөрийн оролцогчдод зааварчилгаа өгнө.

Долоо хоногийн онолын хичээлд суралцсан тэд дадлага ажлаар мэдлэгээ бататгана. Машин механизм угсарч тохируулж хийж үзсэн нэгэн байхад анжис, хавагчтай анхлан танилцаж байгаа нь ч бий гэнэ. Гэхдээ дадлага давамгайлсан тус хөтөлбөрт хамрагдаж, газар тариалангийн салбарт нэн хэрэгтэй байгаа мэргэжлээр тууштай ажиллана гэдгээ суралцагчид ярьж байлаа.

Б.Даваажав: Хяргасын Бухын голд буудай тарьсан 

     Хөтөлбөрт Хяргас сумаас хамрагдаж буй Б.Даваажавын хувьд энэ хаврын тариалалтын үеэр машин механизмын тохируулгаа хийсэн туршлагатай. Гэхдээ мэдлэгээ улам ахиулахын тулд хөтөлбөрт хамрагджээ.

Сургалт амжилттай юу? Шинээр юунд суралцав?

Б.Даваажав: Би уг нь Авто замын инженер мэргэжилтэй. Японд хоёр жил болоод ирсэн. Өмнө нь машин засаж байсан туршлагатай. Практикаар сурч авсан зүйлээ батжуулж, ажил ахуйд хэрэгтэй учраас илүү гүнзгий судалж байна.

Газар тариалан эрхлэх үү? Ямар ажил хийдэг вэ?

Б.Давжаажав:  Аав ээж маань Хяргас суманд амьдардаг. Энэ хавар газар тариалангийн чиглэлээр Бухын голд 400 га авсан. 200 га-д тариална. Ирж машин механизм угсарч өг гээд дуудсан. Ингэж ирээд машин, механизмаа угсраад ажилд нь оруулсан. Удалгүй ийм хөтөлбөрт зарласан байсанд маш их олзуурхан суралцаж байна. Манай ах дүү нар нийлээд хоршоо байгуулсан. Энэ салбартаа ажиллана гэж төлөвлөж байна.

С.Дашням: Газар тариалангийн салбарт ажиллах санаанд багтаж байна

    “Шинэ хөдөө-Увс“ төслийн хүрээнд газар тариалан эрхлэх, мал аж ахуйн үр ашгаа дээшлүүлэх чиглэлээр сумдын удирдлагууд өөрсдийн онцлогт тохирсон санаачилгуудыг өрнүүлж, газар олгох зэргээр дэмжлэг үзүүлж эхэлжээ. Хөтөлбөрт хамрагдаж буй С.Дашнямын хувьд энэ салбарт ажиллаж чадна гэдэгтэй итгэлтэй байгаа талаараа хуваалцсан.

Энэ хөтөлбөрт ямар хүсэл зорилготой хамрагдсан бэ?

С.Дашням: Аав ээж маань малчин. Бас ахуйн хэрэгцээнд газар авч, ногоо тарьж байгаа. Цаашдаа энэ салбарт шинэлэг ажлууд их хийгдэнэ. Төсөл хөтөлбөрүүд ч хэрэгжих болно. Тиймээс энэ мэргэжлээр сураад ирээрэй гээд аав ээж маань явуулсан. Хөтөлбөрт хамрагдаад олон зүйлийг сурч байна. Газар тариалангийн салбарт ажиллах гоё санагдах болсон. Зарим хүмүүс хэцүү гэж ярьдаг ч миний санаанд багтаж байна.

Хөдөө аж ахуйн залуу мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг нь Хүлэмжийн анги байжээ. Тус мэргэжлээр газар тариалан эрхэлдэг иргэд ч олон хамрагдаж шинэ мэдлэг, туршлага хуримтлуулж их зүйл суралцаж буй талаараа ярьж байна.

Хөтөлбөрийн оролцогч С.Цэцэг-Өлзий: Практикаар л ногоо хэрхэн тариалахаас эхлээд бордох зэргээд шинэ зүйлд суралцаж байна

 

 

Уламжлалт мал аж ахуйн фермерийн мэргэжлээр Зүүнхангай сумаас ирж суралцаж буй Г.Оюунбат хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулна гэсэн зорилго өвөрлөжээ. Малаас гарах ашиг шимээ хэрхэн дээшлүүлэх талаар шинэ ойлголт авлаа. Малчин хүн хөдөлмөрөө яаж үнэ цэнтэй болгох талаар шинэ санаанууд олж харлаа. Энэ салбарт хувь нэмрээ оруулна гээсэн итгэл, зорилготой болсон талаараа ярьж байна.

Г.Оюунбат: Хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулна

 

862   0
НИЙТЭЛСЭН: MyUvs