Лхагва 2019-01-02 Улаангом
MOJO   2021-06-24

Б. Баярмаа : Хэн нэгнийг хүлээх биш өөрсдөө эхлүүлдэг нь байцгаая

     Сэтгэл байхад бүтэхгүй зүйл байдаггүй юм байна гэж инээмсэглэн хэлж буй Баярмаа бүсгүй амралтаараа ирсэн хугацаандаа өөрийн санаачилгаар нийтийн талбай засан тохижуулж, амьдарч буй газрынхаа өнгө төрхөд хувь нэмрээ оруулж байна.

     Батсүхийн Баярмаа нь Увс аймгийн Зүүнговь суманд төрж, таван настайд нь гэр бүл Булган аймгийн Баяннуур сум руу шилжжээ. Увс аймгийн төв Улаангомд том болсон хойноо ирэхдээ төрсөн нутагтаа ирлээ гэж их догдолж байснаа ярьж байлаа. Түүнээс хойш гэр бүлийн хамтаар тав дахь зунаа өнгөрөөхөөр Улаангомд ирсэн нь энэ. Амьдралын зөв хэвшлийг баримталдаг тэрээр өглөө бүр гэрийнхээ ойролцоох Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн тоглоомын талбайд хүүхдүүдийн хамтаар дасгал хийж байхдаа эргэн тойрныг анзаарснаар засах хэрэгтэй гэж бодсон гэнэ. 

     “Иргэн бүрийн хамтын оролцоо” нэртэй public group нээж, санаснаас их хандалт авснаар хийх урам зориг орсон гэдгээ хэлсэн. Ах дүү, найз нөхдийнхөө хандивласан нэг сая төгрөгийн санхүүгээр засан тохижуулахад хэрэглэгдэх багаж, материалаа авах боломжтой болжээ. Түүний санааг Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн удирдах ажилтнууд дэмжиж найман ажилчныг туслуулж хамтран оролцуулсанд баяртай байгаагаа хэлсэн юм.

     Эвдэрсэн сандлуудыг засаж будаад, торон хашааг битүүлж, хогийг нь түүжээ. Баярмаа ганцаараа биш. Түүний бэр дүү  Б.Билгүүн мөн энэ ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Хоёроос зургаан насны гурван хүүхдээ харахын сацуу дүүтэйгээ хамтран энэ бүгдийг амжуулсан байна.  Энэ нь түүний хүүхдүүддээ хийж байгаа ажил биш. Харин ард иргэдэд хүргэж буй тус мөнөөсөө мөн. Хийсэн ажлаа харуут нүүрэндээ инээмсэглэл тодруулж буй энэ бүсгүйд цаашдаа олон ажил хийх урам зориг, итгэл дүүрэн байгаа нь түүний ярьж байгаа яриа, хэлж байгаа үгсээс нь илт.

     Иргэдийн оролцоотойгоор олон ажлыг хийх боломжтойг анзаарсан тэдний дараагийн хийх ажлын төлөвлөгөө нь  Гашууны голд бие засах газар хийх. Тэнд амьдарч буй айлууд бие засах газаргүйн улмаас ил задгай бие засах нь элбэг. Тиймээс Б.Баярмаа бүсгүй дахин иргэдийн оролцоо, дэмжлэгийг авч эко жорлонтой болгоцгооё хэмээн уриаллаа.

 

 

1756   0
НИЙТЭЛСЭН: Уянга