Алтанчимэг: Аль болох эко зүйл рүү тэмүүлдэг
Гарын доорх хаягдал материал ашиглан хүний санаанд оромгүй донжтой хээнцэр бүтээл урлах нь түүний сонирхол. Хоногийн 24 цаг ч хүрэлцэхгүй байна хэмээн инээнэ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан юм. Олон шавь нарынхаа үлгэр жишээ багш, ард түмнийхээ ажилсаг, хөдөлмөрч иргэн Пүрэвийн Алтанчимэг гэх эмэгтэйн дотоод ертөнцийг уудлаад ханашгүй. Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан, эко урлалаар чимэглэл, сувинер урлачихдаг, хэрэггүй зүйлсийг хэрэгтэй болгоод хувиргачихдаг, гарын ур дүйтэй, хашаандаа мод, цэцэг, ногоо, жимс гээд тарихгүй зүйл байхгүй ажилсаг, авхаалжтай түүний эерэг өөрчлөлтийн төлөө хувь нэмрээ оруулж буй түүхийг хүргэж байна.
Гарын доорх хаягдал материал ашиглан олон төрлийн хэлбэр хийцтэй бүтээл урладаг тэрээр аль болох эко зүйл рүү тэмүүлдэг
Олон сонирхолтой урлал хийсэн байна. Та эдгээрийг хэрхэн хийдэг вэ?
Би эпокси ашиглан цаг, таваг, шагай, шатар, бөгж, ээмэгний сав гэх мэт хүнд хэрэгтэй дурсгалын зүйлс хийнэ. Хүмүүс ихэвчлэн шагай, шатрыг сонирхож авдаг. Орчин үед өөхөн тосыг хүний биед хортой хэмээн хоолондоо хэрэглэхгүй, шөлний тос зэргээ хаях нь ихэссэн. Бид түүнийг цуглуулаад эдийн болон гар нүүрний, биеийн хатуу саван, шампунь хийдэг. Дэлгүүрээс авах шаардлагагүй өөрсдөө хийж, хатаагаад хэрэглэдэг. Мөн халгай, ганга, багваахай цэцэг ашиглана. Багваахай цэцэг гэхэд л айл бүрийн хашаанд ургадаг. Энэ цэцэг нь хүний элэг, ходоодонд сайн тул саванд хэрэглэснээр нүүр, биеийн арьснаас хорыг гадагшлуулах чадвартай. Халгай гангыг түүх ёстой улиралд нь үндсийг нь авалгүй түүдэг. Үндсээр нь зулгаавал дахиж ургах магадлал бага болохоор аль болох байгаль орчинд ээлтэйгээр, цэцэг ургамалтай зөв харьцах ёстой. Мөн декупаж урлал буюу янз бүрийн шилэн дээр зураг зурж, сонины цаасаар сагс, таваг сүлждэг.
Энэхүү санаагаа хэрхэн олж авсан бэ?
Хүүхэд байхын юм оёх, янз бүрийн загвартай зүйлс хийх дуртай байсан. Манай ээж намайг мэргэжлээ буруу сонгож дээ технологийн багш болох ёстой байж гэдэг. Сүүлийн арваад жил эко гар урлал хийж байна. Гэрийнхээ толь, жаазыг хүртэл байгалийн хог хаягдал ашиглаад хийчихдэг.Эко гар урлалын улсын уралдаанд 2019, 2020 онд хоёр жил дараалан оролцсон. Аль болох эко зүйл рүү тэмүүлж байна даа.
Хаягдал ашиглан бүтээгдэхүүн хийх энэ ажлыг тань эргэн тойрны хүмүүс тань хэрхэн хүлээж авч байна?
Эергээр хүлээж авдаг. Үүнийг та ингээд ашиглачихсан юм уу би хаячихсан шүү дээ. Хэрэгтэй байсан байна. Танаас суралцмаар байна гэсэн хүмүүс их. Одоо юу хэрэгтэй байна асуугаарай. Манайд байгаа шүү гээд л ярьдаг. Гэхдээ үндсэн мэргэжил минь биш болохоор хүнд заах хэмжээнд хүрээгүй шүү дээ. Сайн дураараа өөрийнхөө хэрэглээг хангах зорилгоор л хийж байна. Хэрвээ хүмүүс хүсвэл хийгээд өгч болно доо.
Халгай гангыг түүх ёстой улиралд нь үндсийг нь авалгүй түүдэг. Үндсээр нь зулгаавал дахиж ургах магадлал бага болохоор аль болох байгаль орчинд ээлтэйгээр, цэцэг ургамалтай зөв харьцах ёстой.
Ажилсаг хөдөлмөрч тэрээр хашаандаа шар хуайс, хайлаас, улиас, бургас, голт бор зэрэг 100 гаруй мод тарьжээ
Танайх хашаандаа сайхан тохилог амьдардаг юм байна. Хэзээнээс мод тарьж эхлэв?
Цэцэг мод тарих их дуртай. Манайх шар хуайс, хайлаас, улиас, бургас, голт бор зэрэг 100 гаруй мод, мандлын цэцгүүд, байцаа, улаан лооль, сонгино, саримс тарьсан. Бургас гэх мэт том моднуудыг бол 10-аад жилийн өмнөөс тарьж эхэлсэн. Ялангуяа сонгино хөрс голдоггүй учраас сайн тарьдаг. Би сонгинын хальсыг хүртэл хаядаггүй. Учир нь сонгинын хальс чихрийн шижинд сайн шүү дээ.
Манай нөхрийг Батцэнд гэдэг. Хийж байгаа зүйлийг минь үргэлж дэмжиж тусалдаг. Түүнгүйгээр энэ олон бүтээлүүдийг хийж чадахгүй байх байсан.
Та Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүн шүү дээ. Энэ чиглэлээр ямар бүтээл хийсэн бэ?
Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш нартайгаа хамтарч сургуулиа тохижууллаа. Манай сургууль тохижилтоороо 30 сургуулиас тэргүүн байр эзэлсэн. Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн сайн ажиллаж, удирдан чиглүүлсэн хэмээн Боловсрол соёлын газраас “Шилдэг удирдах ажилтан” хэмээх өргөмжлөлийг хадгалуулсан юм. Хүмүүс маань Монголоороо байгаасай, сэтгээсэй хэмээн Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх дуртай.
Та гэр бүлээ танилцуулна уу?
Манай нөхрийг Батцэнд гэдэг. Увс аймгийн драмын театрт 36 жил ажиллаж байна. Хийж байгаа зүйлийг минь үргэлж дэмжиж тусалдаг. Түүнгүйгээр энэ олон бүтээлүүдийг хийж чадахгүй байх байсан. Манайх зургаан хүүхэдтэй. Одоо бага хүүтэйгээ гурвуулаа амьдарч байна.
Ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байв?
Цогцолбор нэгдүгээр сургуулийг 1984 онд төгсөж, МУИС-ийн түүхийн ангид элсэн орсон. 1990 онд сургуулиа төгсөж ирээд Улаанбаатар хотын музейд эрдэм шинжилгээний ажилтнаар нэг жил ажиллаад нутаг руу гаа явсан. Багшийн ажлын гараа маань Давст сумаас эхэлсэн юм.
Мэдлэг бол хязгааргүй цаашдаа суралцах зүйл их, юм шүү хэмээн хүмүүст захин суух түүнээс үлгэр жишээ авах зүйл их байлаа.