Зургаан сар уйгагүй бэлдсэнээр сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэлэг авсан О.Эрдэнэдалай
Үндэсний болон олон улсын урт, богино хугацааны тэтгэлгүүдэд хамрагдаж байсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан О.Эрдэнэдалай туршлага хуваалцах уулзалт зохион байгууллаа. Тэрбээр “Орон нутагт байгаа оюутан залууст тэтгэлэг авах олон боломж байгааг таниулах явдал юм” хэмээн Creative hub дундын оффисоос зохион байгуулсан уулзалтын үеэр онцлон хэлсэн.
Зарлагдсан тэтгэлгийг мэдэхгүй өнгөрөх, мэдсэн ч өөрийгөө тэтгэлэг авч чадахаар хэмжээний биш гэж үнэлдэг залуучууд олон. Тэр ч гэсэн бусдын адил өөрийгөө ингэж л боддог нэгэн байж.
2018 онд түүний таньдаг хүн КАС(ХБНГУ-ийн Конрад-Аденауэр-Сангийн Тэтгэлэг)-ийн талаар санал болгосон гэнэ. Анх шалгуурыг нь үзээд “Хүүе ээ англи хэл дээр эсээ бичиж материалаа явуулах юм байна. Би зохион бичлэг ч бичиж байгаагүй шүү дээ. Оролцмоор л байна гэхдээ чадахгүй юм байна” гэсэн гэдэг. Ер нь аливаа зүйлд хамгийн хэцүү нь хийж эхлэх байдаг. Гэхдээ эхэлсэн л бол тухайн ажлынхаа бараг талыг нь гүйцэтгэсэнтэй ялгаагүй гэдэг үг бий. Түүнд эхлэх хэцүү байсан ч гэсэн оролцоод үзье хэмээн шийдсэн нь өнөөдөр өөрийн туршлагаа хуваалцах хэмжээнд ирэхэд хүргэсэн нь тодорхой.
Уг тэтгэлэг жил бүрийн наймдугаар сард материалаа хүлээж авдаг. Тиймээс өмнөх жилийнх нь 12 сараас бага багаар бэлдэж эхэлсэн гэнэ. Англи хэлдээ тийм ч сайн биш, дүрмийн алдаатай бичдэг байсан тул зуны гурван сар тасралтгүй хичээллэжээ. Тэтгэлэгт хамрагдах материалаа явуулаад хоёр орчим сарын дараа ярилцлагад тэнцэх хүмүүсийн хариу гардаг. Тэр зургаан сар нүдсэн материалаа тэнцчих байх гэж найдсан. Дараагийн шатандаа ч орох эсэхээ мэдэхгүй байсан ч гэсэн ярилцлагадаа итгэж бэлджээ. Хариу гарах хугацаанд ярилцлагад ирж болох бүх асуултыг сайн бэлдсээр хариу нь ч гарч тэнцсэн түүх нь олон залууст урам өгөхөөр байлаа.
Ингэж энгийн үеэс илүү чанартай цаг зарцуулж хичээснээр тэтгэлгээ авч чадсан. Түүний энэ хичээл зүтгэл бууж өгөх гэж яарахаасаа илүү оролдож үзье хэмээн зүтгэвэл ямар ч боломжийг атгаад авах боломжтой нь харагдана. Гол нь тууштай, тэвчээртэй хөдөлмөрлөж чадвал оюутан залуус наад зах санхүүгийн асуудлуудаа шийдээд байх боломжтой.
“Орон нутагт байгаа оюутан, залуучууд тэтгэлэг хөтөлбөртэй холбоотой мэдээллүүдийг мэдэхгүй өнгөрөх гээд байдаг талтай. Ихэнх нь урсгалаараа ЭЕШ өгөөд Их дээд сургуульд ороод ямар ч хамаагүй мэргэжилтэй болчихвол л болох юм шиг санадаг. Гэвч тийм биш юм. Өөрийгөө хөгжүүлэхийн сацуу давхар санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй сонгосон мэргэжлээрээ сурч байх явцдаа гадагшаа яваад ирэх хөтөлбөр ч олон байдаг. Гол нь тэдгээр боломжийг л алдахгүй ашиглах хэрэгтэй. 3.2 голчтой байхад л нийт тэтгэлгийн 90 хувьд оролцох боломжтой” гэдгийг тодотгон ярив.
Зургаан сарын турш бэлдсэнээр жилийн турш сар болгон 500 мянган төгрөг авч, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсон О.Эрдэнэдалайн хичээл зүтгэлийн түүхэд санаа авмаар зүйлс их. Тиймээс чи ч бас тасралтгүйгээр тууштай хөдөлмөрлөж зүтгэвэл хожмоо үр шимээ хүртэж л таарна. Гол нь энгийн хэмжээнээс илүү хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Түүнтэй тэтгэлгийн талаар ярилцахыг хүсвэл Erdenedalai Odonkhuu хаягаар зочлоорой. Яг одоо тус тэтгэлэг зарлагдсан байгаа шүү. Өөрсдийгөө сориорой залуус аа.