Лхагва 2019-01-02 Улаангом
MOJO   2021-08-09

БИД МӨНХИЙН ХӨРШҮҮД

   

  Одоогоос нэгэн зууны өмнө, 1921 оны арван нэгдүгээр сарын тавны өдөр Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээг байгуулж байжээ. Ингэснээр Оросын Холбооны Улс нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс болж байсан юм. Тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл хамтын ажиллагаагаа эв найрамдалтайгаар үргэлжлүүлэн авч яваа бөгөөд ийнхүү энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

     Увс аймгийн ЗДТГ энэхүү ойг тэмдэглэн ОХУ-ын хөрш зэргэлдээх мужуудтай хөгжүүлж ирсэн хамтын ажиллагааг олон нийтэд сурталчлах, аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны архив үүсгэх зорилгоор “Бид мөнхийн хөршүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг аймгийн төв музейд гаргаж байна. Энэ үзэсгэлэнг бүтэн жилийн хугацаанд дэлгэнэ.

     Музейн нэг хэсэг бүхэлдээ хоёр улсын найрамдалт харилцааг илтгэх хар цагаанаас өнгөт хүртэл нь гаргасан зуун жилийн түүхийн товчоон гэрэл зургуудаар дүүрчээ. Дипломат гэрээ байгуулж буй хамгийн эхний зураг энэ түүхийн эхлэлийг илтгэх бол хамгийн сүүлийн зураг нь одоо ч үргэлжилсээр байгааг харуулна.  

    Тус үзэсгэлэнт Увс аймаг болон Тува улсаас гадна ОХУ-ын Хакасс улс, Красноярскийн хязгаар /Курагино, Ермаков, Шушенск районууд/, Томск муж, Алтайн хязгаар, БНАлтай, Халимаг улстай хөгжүүлсэн төрөл бүрийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн үйл явдлын гэрч болсон гэрэл зургуудыг оруулжээ. Аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн О.Саруул үзэсгэлэнг тайлбарлахдаа Увс аймаг нь ОХУ-ын Тува, Хакасс, Красноярск зэрэг мужуудтай бүс нутгийн хэмжээнд найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж, ард түмэн, бизнес эрхлэгчийн хамтын ажиллагааг тасралтгүй дээшлүүлж ирсэн нь хоёр улсын дипломат харилцаанд үнэ хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсон.

     Увс аймаг нь ОХУ-тай 575 км газар нутгаар хиллэдэг бөгөөд аймгийн төв Улаангом сумаас Оросын хил хүртэл 120км зайтай. Үе үеийн аймгийн Засаг дарга, удирдлагаар ажиллаж байсан дарга нар хөрш Тува улстай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж харилцан айлчлалууд хийж, цаг үеийн асуудлаар хэлэлцэн шийдэлд хүрч байсан. 2001 оны 11 сард Монгол улсаас ОХУ-ын Кызыл хотноо суух Ерөнхий консулын газар байгуулагдан ОХУ-ын Тува улс, Хакасс улс, БНАлтай, Алтайн хязгаар зэрэг 4 муж, улсыг хамааран ажиллах болж Монгол улсын баруун 5 аймаг болон Хөвсгөл аймгийн ОХУ-ын муж, хотуудтай харилцааг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх болсон.

Увс аймаг ОХУ-ын Тува улстай худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр-2001 он

     Увс аймгийн үе үеийн Засаг дарга нар Тува улсын Засгийн газрын Тэргүүнтэй харилцан айлчлал хийж, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний Протокол байгуулж бүх салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн.

     Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Тогоо Увс аймгийн ЗДТГ ба Тува улсын Засгийн газар хооронд анх 2001 оны 08 сард худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, хил, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрт тухайн үеийн Тува улсын Засгийн газрын Тэргүүн Ооржак Ш.Д. -тай гарын үсэг зурсан байдаг. Энэхүү баримт бичгийг үндэслэн  хоёр улсын төрийн байгууллагууд, хувийн хэвшил, ард иргэд болон бусад бүх салбарт албан ёсоор харилцах боломж бүрджээ.

Увс аймгийн ЗДТГ-ын даргын албан томилолтоор визгүй зорчдог байлаа

     Увс аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан М.Батжаргал Тува улсад ажиллан тухайн үед хоёр орны иргэд харилцан визтэй зорчдог байсан цагт Увс аймгаас Тува улсад албан ажлаар зорчиж буй хүмүүсийг виз шаардахгүйгээр, албан томилолтоор зорчих боломжийг бүрдүүлэн Тува улсын талтай тохирсон нь хамтын ажиллагааны хувьд асар их ажил хөнгөвчилж өгсөн. Ингэж Увс аймгийн ЗДТГ-ын даргын албан томилолтоор баруун таван аймгийн худалдаа арилжаа эрхлэгчид визгүй зорчдог байлаа.

    Аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Цэдэв Тува улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Тухайн үед хил орчмын бүс нутгийн ард иргэдийн эв нэгдлийг билэгддэг “Эв модны наадам”, мөн боомтын наана Давст сумын Боршоод “Хилийн яармаг худалдаа”, Кызыл болон Эрзин хошуунд Увс аймгийн Засаг даргын ивээл дор “Монгол дууны наадам” зэргийг “Парчин” клубын захирал Ш.Амарсайхантай хамтран зохион байгуулах зэргээр өргөн хүрээтэй ажлууд зохион байгуулж байв.

“Алтан цагариг” аялал жуулчлалын сүлжээнд нэгдэх санаачилга

      Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр тэргүүтэй салбар бүрийн төрийн байгууллагын төлөөллүүд оролцсон 32 хүний бүрэлдэхүүн 2010 оны 12 сард Тува улсад ажлын айлчлал хийж Тува улсын Засгийн газрын Тэргүүн Ш.В.Кара-оолд ОХУ-ын Цагаачлалын албанаас захиргааны зөрчил гаргасан гэх үндэслэлээр  зорчих эрхээ хязгаарлуулсан 30 гаруй хүний эрхийг сэргээж байсан.

Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Цасчихэр Увс аймаг ба Тува улсын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд санаачилга гарган ажилласан байдаг. Тодруулбал Сибирийн тойргийн “Алтан цагариг” аялал жуулчлалын сүлжээнд нэгдэх санаачилгыг гаргаж Тува, БНАлтай улсад зохион байгуулагдсан аялал жуулчлалын олон улсын форумд оролцож байлаа.  

Эв модны наадам

    Хоёр улсын хил амгалан байгааг хоёр талаас мод өргөн илэрхийлдэг байжээ. Энэ нь явсаар хилийн бүс нутагт оршин суугаар иргэдийн эв найрамдлыг илэрхийлэх утга агуулгаар баяжиж хоёр улсын ард түмнүүдийн соёлын наадам болон өргөжжээ. Наадмыг хамгийн сүүлд 2011 онд зохион явуулж, Монголын талаас урлаг соёлын зүтгэлтнүүд, спортын тамирчид, худалдаа эрхлэгчид гэх мэт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байв.

Хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх санаачилга

    Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн 2013-2014 онд Тува улсад ажлын айлчлал хийж тува улсын Засгийн газрын тэргүүнтэй хийсэн уулзалт хоёр улсын аж ахуйн нэгж, компани хоорондын үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц болсон. Увс аймгаас баяд омгийн үржлийн хонь нийлүүлэх асуудлаар Тува улсын ХХААЯ-ны саналыг хэрэгжүүлэх боломжтой талаар авч хэлэлцэн ААН хооронд гэрээ байгуулжээ.  Засаг даргын айлчлалын үеэр аймгийн “Ойрад” ХЖТ-ын 75 хүний бүрэлдэхүүн “Ээрэн хүрээ” дуулалт жүжгийг Тува улсын үзэгчдэд өргөн барьж өндөр үнэлгээ авсан.

Хилийн яармаг худалдаа

     Үзэсгэлэнд шинэ мянганы эхлэлд бүс нутгийн хамтын ажиллагаа нэг шатаар ахисан үйл явдал болсон нь 2001 оны Увс аймаг Тува улстай худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн явдал байжээ. Энэ хэлэлцээрийн хүрээнд жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган салбар бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хилийн яармаг худалдааг жил бүр зохион байгуулж иржээ.

     Тус яармаг худалдаанд  зөвхөн Увс аймгаас гадна баруун аймгууд, Орхон, Сэлэнгэ гэх мэт бусад аймгуудын худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид оролцдог хүлээлт өндөртэй ажил болсныг илтгэх гэрэл зургууд олноор байршжээ. Монгол улсын талаас мянга гаруй худалдаа эрхлэгч оролцдог энэхүү томоохон худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа нь 2016 он хүртэл тасралтгүй арван таван жил зохиогдсон юм. Хамгийн өндөр борлуулалттай жилдээ 1,6 тэрбумын бүтээгдэхүүнийг Монголын тал борлуулж байсан байна.

Бүс нутгийн АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ өргөжих боломж улам баталгаажив

    Аялал жуулчлалын салбарт гэвэл Увс аймаг аялал жуулчлалын анхдугаар болон хоёрдугаар форумыг 2018, 2019 онд зохиож, хөрш зэргэлдээ бүс нутгуудын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллүүдийг  урин оролцуулсан. ОХУ-аас Увс аймгийн аялал жуулчлалын нөөц бололцоог өөрийн ард иргэддээ сурталчлах үйл ажиллагаа явуулсны үр дүнд нь худалдаа арилжаанаас гадна байгалийг сонирхон аялах жуулчид нэмэгджээ.

     2016 оны Тува улсын Засгийн газрын Тэргүүн Ш.В.Кара-оолын урилгаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ховд, Завхан аймгийн Засаг дарга нар Кызыл хотноо айлчлан Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн арга хэмжээнд оролцон албан уулзалтуудыг зохион байгуулж Увс аймаг ба Тува улсын ЗГ хооронд хамтран ажиллах Протоколд гарын үсэг зурав.

Тувагийн гавьяатууд

     Хоёр улсын бүс нутгийн хамтын ажиллагааг найрсаг, бүтээлч санаачилгатай иргэдийн хамтын ажиллагаагаар улам бэхэждэг.  Ингэж бүс нутгийн хамтын ажиллагаанд үлэмж хувь нэмэр оруулсан Монгол улсын иргэдийг ОХУ-ын  Тува улсаас ГАВЬЯАТ цолоор шагнаж, алдаршуулдаг.  Хамгийн анх 2007 онд Аймгийн засаг дарга асан Л.Тогоог Тува Улсын гавьяатаар шагнаж байсан бол Тува улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр хоёр улсын соёлын харилцааг бэхжүүлэхэд санаачилгатай ажиллаж ирсэн Ш.Амарсайхан агсанг 2010 онд, мөн бөхийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж Монгол улсын заан Д.Бумбаяр, хамгийн сүүлд буюу 2018 онд Увс аймгийн Ойрад хөгжимт драмын театрын уран сайхны удирдаач Ц.Амарааг  Тува улсын урлагийн гавьяат зүтгэлтэн тэмдгээр шагнасан байдаг юм. Мөн МУГЖ С.Жавхлан, МУ-ын аварга Х.Баянмөнх нар энэхүү шагналаар шагнуулжээ.

Халимгийн Бүгд найрамдах улстай ЭЭРЭН ХҮРЭЭ-ээр харилцаагаа өргөжүүлэв

    Халимаг, монгол улсын хувьд 2014 болон 2018 онд айлчлал хийж, Ойрад хөгжимт драмын театрын уран бүтээлчид Халимаг улсын ард иргэдэд “Ээрэн хүрээ” дуулалт жүжгийг тоглож байсан. Халимаг улсын төлөөлөгч Ойрад түмний язгуур урлагийн их наадамд уригдан оролцсон. Тус улсын эрдэмтэд манай улсад ирж судалгаа шинжилгээний ажлыг тогтмол хийдэг. Харин Хакасс улстай хамтран хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, туршлага солилцож байсан ба мөн улсууд хамтран “Увсын өдрүүд”-ийг зохиосон бөгөөд үүнд эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, спорт гэх мэт бүхий л чиглэлээр туршлага солилцох, таниулан сурталчлах үйл ажиллагаануудыг хийсэн.

     Хакасс улсын их сургууль манай аймагтай хамтын ажиллагааны гэрээтэй ба жил бүр Увс аймгаас оюутнууд очиж суралцдаг. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Би орос хэлд хайртай” танин мэдэхүйн тэмцээн зохиож явуулсаар байгаа. Ахлах ангиас хойш орос хэлний хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасдаг ч, энэ тэмцээн нь хүүхдүүдийн орос хэлд илүү сонирхолтой болгодог ба хэлээр дамжуулан олж авах маш олон боломжийн үүдийг нээж өгдгөөрөө давуу талтай.

     Энэ мэтчилэн манай улс хөрш улстайгаа маш олон салбарын хамтын ажиллагааг зохион явуулж, хэрэгжүүлсээр ирсэн нь ард иргэд, хүүхэд залуучууд  түүх соёл, өв уламжлал, урлаг спорт, бизнес аж ахуйгаар холбогдож, хоёр орны найрамдалт харилцааг улам бэхжүүлдэг.

Нийгэм, эдийн засгаа дэмжиж, хөдөө аж ахуй, худалдаа наймаагаа өргөжүүлэн дөрөө нийлүүлэн бүс нутгийн хамтын ажиллагаа  зуунаас мянганд улам бэхжих болтугай.  

430   0
НИЙТЭЛСЭН: Уянга