Лхагва 2019-01-02 Улаангом
My Uvs   2021-08-11

Иргэд хогоо ангилахад бэлэн үү?

     ИТХ-ын ээлжит хуралдаанаар "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-г хэлэлцэн баталсан. Хог хаягдлаа ангилах, дахивар ашиглах талаар иргэдийн санаачилга, идэвх нэмэгдэж буй энэ цаг үед уг журмыг гаргасан нь цаг үеэ олсон шийдвэр байлаа.

     Байгаль орчин, аялал жуулчлалын газраас журмын төслийг боловсруулахдаа хэрвээ иргэн, аж ахуйн нэгж, айл өрхүүд хогоо эх үүсвэрт нь ангилж хэвшвэл хог хаягдлын хэмжээг 40 хувиар бууруулах боломжтой хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Д.Майдарням тайлбарлалаа.

    2016-2020 оны статистик мэдээнээс үзэхэд энгийн хог хаягдлын хэмжээ хоёр дахин өсөж, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс дахин ашиглах боломжтой гялгар уут, цаас , шил, шилэн бүтээгдэхүүн, төмөр,  хөнгөн цагаан, хайлш, цахилгаан барааны хаягдал, хуванцар сав гэх мэт хог хаягдлыг эх үүсвэрт ангилан ялгаж дахивар хүлээн авах цэгт нийлүүлэхийг уг журмаар зохицуулжээ.

Орон сууцны айл өрх, аж ахуйн нэгжүүд дахин боловсруулах боломжтой дахивар, хүнсний органик хог хаягдал, дахин боловсруулах боломжгүй хог хаягдал гэсэн гурван хэлбэрээр хогоо ангилах бол гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүд дээрх гурав дээр нэмж үнсээ тусад нь ангилах юм.

     Улаангом сумын иргэн Э.Алтанзул хуванцар зэрэг хоёрдогч түүхий эд авдаг байсан үйл ажиллагаагаа өргөжүүлж, Сум хөгжүүлэх сангийн зээлийн дэмжлэгээр нэгдсэн хогийн цэгт Дахивар авах цэг байгуулаад байна. Ингэснээр айл өрх, аж ахуйн нэгжүүд хогоо ангилан дахиврын цэгт нийлүүлэх боломж бүрдсэн.

    Дээрх журамд орон сууцны айл өрх, аж ахуйн нэгжүүд дахин боловсруулах боломжтой дахивар, хүнсний органик хог хаягдал, дахин боловсруулах боломжгүй хог хаягдал гэсэн гурван хэлбэрээр хогоо ангилах бол гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүд дээрх гурав дээр нэмж үнсээ тусад нь ангилах юм байна.

      Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг  хэмнэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд хог хаягдаа эх үүсвэрт нь ангилах нь чухал үүрэгтэйг мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн.

      Айл өрхүүд 3-4 хэлбэрээр хогоо ангилахаар журамлажээ 

    Хогоо эх үүсвэрт нь ангилахад иргэн, айл өрх бэлэн үү? Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын манлайлал, төрийн албан хаагчдын үлгэрлэл нэн чухал гэж үзэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Уриалга гаргасан. Аймгийн байгаль орчин аялал, жуулчлалын газраас уг журмыг хэрэгжүүлэх зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлэх бол олон нийтэд хандан мэдээлэл, нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

      Хогоо ангилах нь хэцүү зүйл биш, Гэхдээ л....

      Иргэн та хогоо ангилахад бэлэн үү? Юунаас хэрхэн эхлэх вэ?

     Улаангом сумын 7-р багийн иргэн Б.Бат-Эрдэнэ “Нэгдсэн журмаар хог ангилж хаядаг савтай болчихвол ангилаад хаяад байж болно. Түүнчлэн хогоо яаж, хэрхэн ангилж хаях талаар мэдлэг эзэмшүүлэх хэрэгтэй. Байгальд хортой, хоргүй хог хаягдлыг ялгаж сурах гэх мэт талаар хүмүүст ойлголт өгснөөр хогны талаар зохих мэдлэгтэй болох байх”  гэв.

     Харин 1-р 64 байранд оршин суугч иргэн Д.Оюун-гэрэл “Орон сууцныхан бүх хогоо нэг торонд хийгээд хаячихдагийг болиулах хэрэгтэй. Орцны үүдэнд хог ангилж хаях заавар тавьж, сэдэл өгснөөр хогоо ангилж хаях санаачилгатай болно” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

    Иргэдийн хувьд хог ангилах нь хэцүү биш гэдгийг таниулсан мэдээлэл сурталчилгааны ажил түлхүү хийх хэрэгтэй талаар ярьж байлаа. Тиймээс олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлын цар хүрээг тэлж, иргэдэд зохих мэдлэгийг эзэмшүүлж, энгийн хог хаягдлыг ангилан хаях зааврыг түгээх хэрэгтэй юм.   

 

      Уг журам үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг талаар харин хоёрдугаар хэсэгт “Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх болон энгийн хог хаягдлыг дарж булах зардлын нэгж тариф”-ын талаар тус тус зохицуулсан байна.

Хог хаягдлыг багасгахад болон шинэ техник технологийг нэвтрүүлсэн,  хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэхэд хувь нэмрээ оруулж, хамтран ажилласан иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагыг урамшуулна

    Увс аймгийн нийтийн эдэлбэр газар болон, хог хаягдал дарж булшлах зардлыг  сангийн сайд, байгаль орчин аялал жуулчлалын сайд нар хамтран аймгийн хэмжээнд тохирсон нэгж тарифаас гаргажээ.

    Журмын хэрэгжилтийн хүрээнд сумуудад зөвлөмж хүргүүлнэ ажиллаж байгаа гэнэ. Жишээ нь: журамд үндэслэн төлбөр хураамжийг ямар зохицуулалтаар авах, нийтийн эдэлбэр газрыг хэдэн төгрөгөөр цэвэрлэх гэх мэт .

    Харин хаягдлын хураамжаас орсон орлогоос  хог хаягдлыг багасгахад болон шинэ техник технологийг нэвтрүүлсэн,  хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэхэд хувь нэмрээ оруулж, хамтран ажилласан иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагыг урамшуулах ажээ.

     Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

821   0
НИЙТЭЛСЭН: Солонго