Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2021-12-10

Я.Хонгорзул: Хөдөлмөрлөх эрхийн зөрчил, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт их байна

Олон Улсын хүний эрхийг хамгаалах  өдрийн хүрээнд МУ-ын хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь төлөөлөгч  Я.Хонгорзултай ярилцлаа.

 

Сайн байна уу? Танд Олон Улсын хүний эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе

Баярлалаа. Хүний эрхийн Олон Улсын гэрээний үндсэн чухал баримт бичиг болох Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны  12 сарын 10  энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей батлан гаргасан. Энэхүү  Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлан гаргасан өдрийг Олон Улсын хүний эрхийг хамгаалах  өдөр хэмээн дэлхий нийтээр тэмдэглэнэ өнгөрүүлдэг.  Энэ жилийн тухайд Хүний эрхийн олон улсын өдрөөр Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум 2021” зохион байгуулагдаж байна.Энэхүү форум нь иргэн болон улс төрийн эрх, эдийн засаг нийгмийн эрх, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгох, уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн 4 салбар хуралдаантай явагдаж байна.

 

Хүний эрхийг хамгаалах Олон Улсын өдрөөр жил бүр уриа дэвшүүлэн ажилладаг. Энэ жилийн уриа юу вэ? Увс аймагт ямар ажил төлөвлөсөн вэ?

Энэ жилийн уриа бол “эрх чөлөө тэгш боломж,эв нэгдэл” гэсэн уриатай  нэгдэн ажиллаж байна. Гол ажил бол хүний эрхийн үндэсний форум байгаа. Манай аймгийн тухайд хууль сахиулах байгуулалагын албан хаагчдад  сургалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна .

Ковидын үед хүний эрх, эрх чөлөө хангагдаж чадаж байна уу?

Цар тахлын үед хүний эрх ихээр зөрчигдөж байна. Ихэнхдээ төрийн механизмаар дамжин хүний эрх хязгаарлагдсан. Энэ хүрээнд ХЭҮК ковидын үед хүний эрх чөлөө зөрчигдөж байгаа тухай асуудлаар тусгайлан илтгэл боловсруулж  Монгол Улс  дахь хүний эрх чөлөөний байдлын талаар 20дахь илтгэл нэртэйгээр  УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн. Энэхүү 20 дахь илтгэлийг хэлэлцээд  УИХ-аас 2021 оны 67 дугаар тогтоолыг батлан гаргаж Хүний эрхийн асуудалыг хэрэгжүүлэх  тухай Засгийн газар, холбогдох бусад байгууллагад  чиглэл өгсөн.

Увс аймгийн тухайд ямар зөрчил санал гомдол зонхилдог вэ?

Увс аймагт бол хүний эрхийн зөрчил их гардаг. Ерөнхийдөө 21 аймагтай харьцуулахад дээгүүр ордог гэж хэлж болно. Миний хувьд ХЭҮК-ийн Увс аймаг дахь төлөөлөгчөөр 8 жил ажиллаж байна.  Энэ хугацаанд хамгийн их ирдэг гомдол бол хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай гомдол 50%-ийг эзэлдэг. Хөдөлмөрлөх дотроо олон төрөл жишээ нь цалин хөлс дутуу тооцож олгодог, НД төлдөггүй, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, шүүхээс ажилд нь эргүүлэн тогтоосон байхад шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгодоггүй гэх мэт. Мөн  цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл , охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон хүчирхийллээс ангид байх эрхийн зөрчил тус аймагт буурахгүй байна. Хөдөлмөрлөх эрхийн зөрчил төрийн болон хувийн хэвшлийн байгуулагад их гардаг.

Гэр бүлийн хүчирхийллийг эс тооцвол жирийн иргэн нэгнийхээ эрхийг зөрчих нь ховор ихэнхдээ дарга, эрх мэдэл бүхий албан тушаалтан гомдлын нөгөө талд нь байх нь олон байдаг.

ХЭҮК-ийн төлөөлөгч ямар ажил хэрэг явуулдаг юм бэ?

Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ажилтны хувьд хүний эрх зөрчигдсөн тухай гомдол хүлээн авах, Комиссын гишүүний чиглэлийн дагуу гомдол, мэдээллийг шалгах, баримтжуулах, гомдол мэдээллийг шалгаад тогтоогдсон нөхцөл байдлыг саналын хамт Комиссын гишүүнд танилцуулах, Комиссын гишүүний удирдамж, чиглэлийн дагуу хүний эрхийн хяналт шалгалт явуулах, хүний эрхийн асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, хүний эрхийн боловсролыг түгээх,  хүний эрхийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийдэг. Жил бүр 10-20 гомдол хүлээн авч шийдвэрлүүлдэг. Энэ жилийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 16 гомдол хүлээн авч 15-ыг нь шийдвэрлэж, нэг гомдол шалгагдаж байна. Иргэд Хүний эрхийн Үндэсний Комисс Увс аймагтгэсэн пэйж хуудсаар дамжуулан манай байгуулагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, мэдээ мэдээлэлтэй танилцах бүрэн боломжтой.

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Ярилцлага авсанд баярлалаа.

 

559   0
НИЙТЭЛСЭН: Ууганцэцэг