Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2021-12-23

Хүүхдийн тэмүүллээр бялхсан өдрүүд

Дэчинравжаалин хийдийн хашаан дахь таван давхар барилга. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэ барилгыг ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН болгохоор анх шийдвэр гарч, Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв нэртэйгээр хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлан хичээллэх болсон. Улмаар хүн бүрийн насан туршдаа сурч, хөгждөг “Насан туршийн боловсрол, хүүхдийн хөгжлийн төв” болсоор жил болох гэж байна.

Хүүхдүүд цуглаж баярладаг, өөр хоорондоо сурснаа хуваалцан хөгждөг, зорилго, хүсэл мөрөөдөл хоёр нэг нэгнээ нэхэн урагшилсан орчин. Хүүхдүүд дэлхийн энтэй мөрөөдөж, дэлхийн рекордыг эзэмшихээр өдөр бүр суралцаж байна. Мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй шинэ үе өсөж өндийж байна энд.

 “Насан туршийн боловсрол, хүүхдийн хөгжлийн төв”-ийн үндсэн хөтөлбөрүүдийн нэг ОЮУНЫ СПОРТЫН сургалтууд. Рубик шоо, спорт аяны өрөлт, ой тогтоолт, түргэн бодолт гээд оюуны спортын төрлүүдээр хичээллэдэг, сонирхогч хүүхдүүдийн дунд “Увс-Оюуны наадам-2021” зохион байгуулж, хүүхдийн тэмүүллээр бялхсан өдрүүд болж байна.

Бид тархиныхаа ердөө 5-10% ийг ашигладаг гэж ярьдаг. Хэрвээ бид үүнийг нэмж чадвал төсөөлөөгүйгээ бүтээж боломжтой гэдэг. Орчлонгийн бүх зүйлс тэгш хэмтэй. Эсрэг тэсрэгийн нэгдэл, тэнцвэр. Бидний тархи ч адил. Баруун, зүүн тархи ив ижилхэн хөгжих өгөгдөлтэй. Баруун, зүүн тархийг тэгш хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг Монголын оюун ухааны академи Оюуны спортын аварга шалгаруулах “Увс оюуны наадам 2021” наадмыг олон улсын хэмжээнд зохион байгуулах дэг, стандартаар зөвлөж хамтран ажилласан байна.

Насан туршийн боловсрол, Хүүхдийн хөгжлийн төвийн их танхимд 12 сарын 22-23-ны хооронд  зохиогдлоо.  Зочин шүүгчид, эцэг эхчүүд, тамирчид төрийн дууллаа эгшиглүүлэн тэмцээнийг эхлүүлж, тамирчид, шүүгчид тангаргаа өргөснөөр эхэлсэн ОЮУНЫ НААДАМ үзүүлэх тоглолтоор үргэлжилсэн.

Оюуны наадмын аваргуудыг тодруулах тэмцээний уур амьсгал үнэхээр баясмаар. Тамирчдын дунд цэцэрлэгийн насныхан цөөнгүй харагдана. Нэг хэсэг нь шоо эвлүүлж, өрөлтийнхөн аягаа өрж, ой тогтоолтын тамирчид чихэвчээ зүүн төвлөрөн бодож байв. Энэхүү оюуны спорт нь тэднийг эмх цэгцтэй нэгэн болгож төлөвшүүлж байгаа нь ажиглагдана. Тэд өөрсийн сурснаа үзүүлэн болгон эцэг эхдээ сонирхуулав. Нүд эрээлэм шар, улаан өнгийн 300 ширхэг хольсон сарнайг өнгөний дарааллаар цээжээр хэлж, 100 үгийг хаанаас нь асуухад ч хариулж, 56 хөзрийг дарааллаар өрөх нь гайхалтай.

Ой тогтоолтын спортоор хүн бүр хичээллэх боломжтой. Төрөлхийн гайхамшигтай ой тогтоолттой нэг ч шилдэг тамирчин байхгүй гэдгийг цэцэрлэгийн насны бяцхан тамирчдаас авхуулаад харуулж байсан юм.  Тэмцээнд ой тогтоолт -180, түргэн бодолт-38 , спорт өрөлтийн төрөлд-150, рубик шоо төрөлд 78 тамирчид тус тус оролцлоо.  Ихэнх хүүхдүүд бүх төрөлд давхардсан тоогоор оролцож оюуг ухаанаа уралдуулж байв.

Увс аймагт Монголын оюун ухааны академи 2020 оноос салбараа нээж сургалтаа эхлүүлсэн бөгөөд орон нутгийн нийт 200 гаруй сурагчтай Ой тогтоолт, Цээж бодолт, Рубик шоо, Спорт өрөлт зэрэг оюуны хөгжлийн урт болон богино хугацааны сургалтуудад хамруулж, сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Монголын оюун ухааны академийн рубик шоо ой тогтоолтын багш Э. Эрдэнэмандах “Увс аймаг нэг жилийн хугацаанд маш үр дүнтэй хичээллэж байна. Бусад аймагтаа харьцуулахад олон төрлийн сургалт явуулдаг. Мөн өнөөдөр рубик шоо төрөлд урьдчилсан байдлаар 3*3 40 секунд, 2*2 гурвалжин шоо 10 секундын үзүүлэлттэй байна. Монголын 3*3 шооны рекорд 4 секунд байдаг.  Тэд бол дөнгөж суралцаж буй тамирчид тэд маш сайн суралцаж байна” хэмээн ярьсан юм.

Оюуны спортын наадмын аваргуудтай танилцана уу.

ОЙ ТОГТООЛТЫН ӨСВӨР НАСНЫ АНГИЛЛЫН АВАРГУУД
СПОРТ ӨРӨЛТИЙН ДУНД НАСНЫ АНГИЛЛЫН АВАРГУУД
ОЙ ТОГТООЛТЫН АХЛАХ НАСНЫ АНГИЛЛЫН АВАРГУУД
СПОРТ ӨРӨЛТИЙН АХЛАХ НАСНЫ АНГИЛЛЫН АВАРГУУД
ОЙ ТОГТООЛТ: НЭР ЗҮС ТОГТООХ АХЛАХ НАСНЫ АНГИЛЛЫН АВАРГУУД
ТҮРГЭН БОДОЛТЫН БАГА НАСНЫ АНГИЛЛЫН АВАРГУУД
СПОРТ ӨРӨЛТ: ЭРЭГТЭЙ ЦОМ
СПОРТ ӨРӨЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ АВАРГУУД
РУБИК ШОО: АХЛАХ НАСНЫ АНГИЛЛЫН АВАРГУУД

 

394   0
НИЙТЭЛСЭН: Ууганцэцэг