Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2022-01-05

Х.Энхриймаа: Хувиа хичээлгүйгээр мэдсэн сурснаа хуваалцаж, гэрэл түгээцгээе

Өөрийгөө жирийн л нэг хөдөөний охин гэж тодорхойлох түүнийг Хашхүүгийн Энхриймаа гэдэг. Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрж өссөн. Тэрээр одоо Хятадын урлагийн академийн магистрын төгсөх курсийн оюутан. Багаасаа л түүх нийгэмд сонирхолтой эдийн засагч болно гэж боддог байсан бөгөөд нэг л өдөр мэргэжлээ сольж урлаг судлаач болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ийнхүү хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн ангиа сольж, МУИС-д урлаг судлаач мэргэжлээр элсэн орж шилдэг төгсөгч алтан медальтай төгссөн.

Монголын Орчин үеийн урлагийг дэмжих холбооны 976 арт галерейд ажилласан нь түүнд их туршлага болсон байна. Тэрээр үргэлжлүүлэн магистртаа сурахаар Унгар, Хятадын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд материалаа явуулж, аль алинд нь тэнцжээ.

Тэтгэлэгт хамрагдах тийм ч хэцүү биш би өөрөө бүх материалаа бүрдүүлж өгсөн. Тэтгэлэг гэхээр хүмүүс хэцүү юм шиг ойлгодог. Оролдож үзээгүй байж бууж өгдөг. Оролдоод үзэх хэрэгтэй хэмээн ярив. Түүний тэтгэлэгт хамрагдахаар явуулсан хүсэлтийн бүгдэд нь зөвшөөрсөн хариу авсан түүнд сонголтоо хийх л үлджээ. “Хятад улсыг сонгон суралцсан. Тэнд миний сонирхсон мэргэжил байсан, бас хөрш орондоо суралцах нь давуу тал болно гэж үзэж шийдвэр гаргасан. Аав ээж минь намайг үргэлж дэмждэг миний үзэл бодлыг сонсдог байсан нь надад маш их нөлөөлсөн, мэргэжил сонголтоо хийх гэж байгаа хүүхдүүдэд хандаж өөрийгөө л сонсож шийдвэр гаргаарай”  хэмээн захилаа. 

Х.Энхриймаа хятад, солонгос, англи хэлтэй. Хэл сурахын тулд би ямар нэг төлбөртэй сургалтад хамрагдаж байгаагүй өөрөө бие даан сурсан тэрээр үнэхээр хичээнгүй нэгэн аж. Хэлийг өөрийнхөө хүсэл сонирхолд тулгуурлан сурвал илүү үр дүнтэй гэж зөвлөв.

Урлагийн боловсролтой хүн харгис хэрцгий байх нь юу л бол

Урлаг бол их өргөн хүрээтэй зүйл. Урлагаар дамжуулан хүмүүс гоо зүй юмыг ойлгох ухаарах эелдэг, зөөлөн эрч хүчтэй, өөдрөг, хүнийг энэрэх сэтгэлтэй нэгэн болж чадна. Урлагийн боловсролтой хүн харгис хэрцгий байх нь юу л бол хэмээн ярих түүний яриа нэгийг бодогдуулна. Урлаг хөгжсөнөөр улс орны эдийн засаг, нийгэмд бодит үр дүнг бий болгож чадна. Монгол улсын хувьд урлаг хараахан сайн хөгжөөгүй байна. Бидний их сургуульд үздэг мэдлэг гадаадад арван жилийн хүүхдийн мэдлэгтэй бараг дүйцдэг. Үүнд өөрчлөлт хэрэгтэй гэж боддог тухайгаа хуваалцав.

Нутагтаа ирээд дипломоо бичихийн хажуугаар англи хэлний ганцаарчилсан сургалт явуулах, насан туршийн боловсрол хүүхэд хөгжлийн төвийн хүүхдүүдэд уран зургийн тухай лекц уншдаг. Тэрээр урлагийн түүхийн чиглэлээ ном бичих мөрөөдөлтэй бас Монгол улсынхаа алдартай бүтээлийг дэлхийд танилцуулах хэтийн зорилготой.

жаахан сэтгэл гаргаад хувиа хичээлгүй нийт рүү чиглэсэн байвал та өөрөө ч илүү хөгжинө

Боломж гарвал сурсан мэдсэнээ харамгүй бусадтай хуваалцах дуртай тэрээр эргэн тойрондоо чадах чинээгээрээ нөлөөлөөд заавал үр ашиг харах албагүй. Би энийг хийснээр надад тийм ашигтай гэх биш энийг хийвэл арай өөр болох байх, хөгжих байх гэсэн бодолтой байх хэрэгтэй. Хажууд байгаа нэг хүндээ л эергээр нөлөөлөхөд л том өөрчлөлт болно. Тийм болохоор томоор хүлээж авалгүй байгаа орчиндоо жаахан сэтгэл гаргаад хувиа хичээлгүй нийт рүү чиглэсэн байвал та өөрөө ч илүү хөгжинө хэмээн уриалав.

1126   0
НИЙТЭЛСЭН: Ууганцэцэг