Лхагва 2019-01-02 Улаангом
Хүний түүх   2022-02-22

Людмила Комиссарова: Монгол хүмүүс надад мөнгө өгөөд масло, кисель, молоко их авхуулдаг байсан

     “Гэрийнхээ цонхоор харахад Хархираан цаст уулс харагдаад, үнэхээр сүрлэг шүү. Манай байрны эсрэг талд эмнэлэг, хажууд дарга нарын дэлгүүр байж билээ.  Тоотой хэдхэн барилгатай. Гадна хананд нь томоор “Сур, Сур бас дахин сур” гэсэн бичигтэй барилга манай сургууль. Тухайн үед Зөвлөлтийн дэмжлэгтэйгээр барьж өгсөн тэр сургуульд би 1981 онд элсэн орж, 1985 онд 4-р ангиа төгсөөд шилжсэн.” Энэ бол Украйн улсад ажиллаж амьдардаг, багаа насаа Улаангомд өнгөрөөсөн Людмила Комиссаровагийн дурсамж. Бага насны дурсамжаа дэлгэж, Улаангомыг, найзуудаа сурагласан түүнтэй холбогдож ярилцлаа. Холбож, орчуулж хамтран ажилласан аймгийн МХГ-ын Харилцаа холбооны хяналтын Улсын байцаагчаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдэлж буй Цэрэвийн Буджав ахдаа баярлалаа.

Сайн байна уу? Таны Улаангомд амьдарч байснаа дурсан хуваалцсан мэдээллийг тань уншаад www.myuvs.mn сайтаас сэтгүүлч П.Энхмаа холбогдож байна. Тантай ярилцаж болох уу?

Баярлалаа. Миний хүүхэд нас Улаангомд өнгөрсөн гэж хэлж болно оо. Та бүхэнтэй хуваалцахдаа баяртай байх болно.

Та хэдэн онд Улаангомд амьдарч байсан бэ?

Би 1979 онд ээж, аавтайгаа хамт Улаангом хотод нүүж очсон. Аав минь оросын барилга трестэд бульдозерын жолооч, ээж нь Эрчим хүч түгээх станцад ажилладаг байсан.  Би дөрөвдүгээр анги төгстлөө Улаангомд амьдраад, 1985 онд эцэг эхийн хамт Сүхбаатар аймаг руу шилжсэн. Улаангом хотод хүүхэд насны 6 жил өнгөрсөн.

Тэр үеийн Улаангом, нутгийн хүмүүс, байрны болон сургуулийн найзуудаа дурсвал?

Манайх 64 айлын 1-р давхарт амьдарч байсан. Манай байрны гадаа байгаа тоглоомын талбайд Монгол хүүхдүүдтэй их тоглодог байсан. 64 айлын байрны дунд дарга нэрийн дэлгүүр гэж байсан.  Тэнд зөвхөн дарга нар болон оросын мэргэжилтнүүд, тэдний хүүхдүүд л ордог. Зарим монгол хүмүүс надад мөнгө өгөөд масло, кисель, молоко их авхуулна. Би  өрөвдөөд их авч өгдөг байлаа. Яагаад гэвэл бүх дэлгүүрт тийм бараа байдаггүй байсан. Улаангом олон барилгатай, гоё хот болсон уу? Намайг хүүхэд байхад манай гэрийн цонхоор Хархираан цаст өндөр уул харагдаад л  сүрлэг байж билээ.

Барилга байшин их баригдсан. Гэхдээ танай амьдарч байсан байр, сурч байсан сургууль, ханан дээрх үг нь одоо бий. Нэг давхрын цонхоор нь Хархираа тухайн үеийнх шиг харагдахаа больсон байхаа. Та яагаад Улаангомыг гэнэт дурсаж, мэдэхийг хүссэн бэ?

Хэдэн онд болохыг санахгүй байна. Гэхдээ би тодорхой санаж байна. Ээжийн олгой дотроо хагарч, аюул болохоо шахсан. Азаар манай дээд талд амьдардаг мэс заслын эмч яаралтай хагалгаа хийж, ээжийн минь амийг аварсан юм. Ээж минь 69 настай, эрүүл энх аж төрж байна. Хязгаар нутагт, эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй авсандаа ээж минь байнга талархдаг. Увсыг, Улаангомыг, хүмүүсийнх талаар маш их ярьдаг юм. Аав минь 2017 онд бурхан болсон. Ээж минь хэлэхдээ Монголчууд их энгийн сайхан, цайлган сэтгэлтэй хүмүүс гэдэг. Би ч мөн тэгж боддог. Манай дээд давхарт байсан эмч болон олон монголчуудтай манай аав ээж их сайхан нөхөрлөдөг байсан.   Фейсбүүкээр Оросын талаарх мэдээ хуваалцдаг Budjav  Budjav гэсэн хаягтай хүнтэй холбогдож “Та Улаангомд амьдардаг уу” гэж асуусан. “..,Тиймээ” гэдэг хариу ирсэн. Тэгээд миний сурч байсан сургууль амьдарч байсан байшингийн зургийг дарж явуулахыг хүссэн. Хүсэлтийг маш хурдан биелүүлж зургууд явуулсан. Зургийг хараад маш их уйлсаан. Энэ хотод миний хүүхэд насны зургаан жил өнгөрсөн шүүдээ. Миний амьдралын түүхийн нэгээхэн хэсэг энэ хоттой холбоотой. Дурсахгүй байхын аргагүй хүүхэд нас минь өнгөрсөн.  Хамт сурч байсан найз нөхдөө олж уулзах юм сан гэж боддог.

Найзуудаа санаж байна уу? Ямар хүүхдүүд байсан бэ?

Ханан дээр нь “Сур сур бас дахин сур” гэсэн бичигтэй сургууль, гадна талбайдаа тэмээний баримал нүдэнд одоо ч тод харагдаж байна. Манай ангид Орос сурагчдаас гадна дөрвөн Монгол хүүхэд байсан. Нэг нь эрэгтэй гурав нь эмэгтэй. Ася Лааган, Тунгалаг хоёрыг санаж байна. Асягийн  аав нь дарга. Тэр намхан туранхайвтар хүүхэд байсан. Харин Тунгалагийн овгийг нь санахгүй байна.  Над шиг нүдний шилтэй охин байсан. Миний нүдний шилийг монгол эмч нар хийсэн. Нөгөө хоёрыг сайн санахгүй байна.  Энэ 4 хүүхэд таньж байгаа бол надтай холбогдоосой.

Аав нь тэр үед амралтын өдрүүдээр Хяргас нуур руу загасанд явдаг. Ээж нь нь загасны махаар пирожки котлет хийснийг Монгол найз нартаа өгөхөд идэж чадахгүй байсан талаарх хүүхэд насаа мөн нэхэн дурсав.  Тэр үед Улаангомд амьдарч байсан Оросын мэргэжилтнүүд хөдөө явж барагшуун их түүдэг байжээ. Эмчилгээнд их сайн их ховор байсан. Ээж нь гэртээ нэрж боловсруулдаг. Үнэр нь их содон өвөрмөц байсныг санаж байгаагаа хэллээ.

Хамтдаа тоглодог байсан байрны найзуудынхаа зургийг ч нандигнан хадгалжээ. Хархираан уулс, усанд шумбаж, сэлж сурсан Увс нуур минь гээд Людмила Комиссарова анд нөхдөө сураглах мэт дотноор дурсана. Улаангомд амьдарч байхдаа цуглуулсан Монгол маркууд одоо ч түүний онцгой цуглуулга гэнэ.

Өнөөдрийн шинэ бүхэн маргааш түүх, дурсамж болно. Хуучнаас юуг нь шинэчилж, алийг нь авч үлдэх вэ хариуцлагатай шийдвэр. Өнөөдөр танд үнэгүй болсон, хуучирсан, муудсан санагдавч өөр нэгэнд аав ээжийг нь, ахуй орчныг нь, баяр жаргалыг нь хадгалсан үнэ цэнтэй дурсамж нь, мэдрэмж нь байдаг байх нээ.

615   0
НИЙТЭЛСЭН: Энхмаа