Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2022-03-07

Ц.ЦОЛМОН УХРАХГҮЙ, А.ЯГААН ОРХИХГҮЙ, ЯАГААД ГЭВЭЛ ТЭДНИЙ ДУУ ХООЛОЙ ХЭРЭГТЭЙ

Хорин гурваас ДӨРӨВ. Энэ тоо бол 2020 оны Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуульд 23 эмэгтэй нэр дэвшсэнээс дөрөв нь л сонгогдсоныг илтгэж байгаа юм. Нийтдээ тус сонгуульд 101 нэр дэвшигч өрсөлдсөн гэвэл таван нэр дэвшигч тутмын нэг нь эмэгтэй байжээ. Сонгуулийн дүн гарахад аймгийн ИТХ-ын 41 суудлын 37-г нь эрэгтэй, дөрвөн суудлыг эмэгтэй нэр дэвшигч төлөөлөхөөр болсон. Хүйсийн харьцаа 10:1 гэсэн үг. 2021 оны статистикийн мэдээгээр Увс аймгийн хүн ам 84,2 мянга бөгөөд хүйсээр нь ангилж үзвэл 49,8 хувь нь эмэгтэй, 50,2 хувь нь эрэгтэй байна. Бараг 50:50 хувь гэсэн үг, харин 80 гаруй мянган иргэний төлөөлөн тэдний төлөө ажиллах эрх бүхий төлөөлөгчийг сонгоход хүйсийн харьцаа ийн маш тэнцвэргүй гарчээ.

.ЦОЛМОН: АЙМГИЙН ИТХ-Д ЭМЭГТЭЙЧҮҮД БИДНИЙ ДУУ ХООЛОЙ ҮНЭХЭЭР ЦӨӨДӨЖ БАЙНА

2020 оны аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн 23 эмэгтэйн нэг нь МАН-аас нэр дэвшигч Цэндсүрэнгийн Цолмон юм. Тэрбээр сонгуульд нэр дэвших шийдвэр гаргахын тулд эргэлзэж байсан эцэст нь сонгогдож чадсан.

-Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших шийдвэрээ хэрхэн гаргасан бэ?

-Би чинь эмч хүн. Аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт арван хэдэн жил ажиллаж байна. Үнэндээ улс төр, нам гэж бага мэдэх хүн л анх нутгийн иргэдийн дэмжлэгээр шийдвэр гаргаж байлаа. Аймгийн хуралд нэр дэвшээч гэсэн санал аймгийн намын хорооноос хүлээж аваад эцсийн өдөр хүртэл эргэлзэж байсан. Хамгийн гол нь намайг дэвшүүлэх санал оруулж, дэмжсэн хүмүүсийн дэмжлэг намайг улс төрд ороход түлхэц болсон.

Ер нь тэгээд сонгуульд нэр дэвших шийдвэр гаргахад л эргэлзэж, хамгийн их цаг зарцуулсан. Нэгэнт шийдсэний дараа бол туулаад л, дайраад л гарна. Мэдээж сошиалд янз бүрийн юм явж л байсан. Түүнийг анзаарах завгүй бодлогоо танилцуулах уулзалтаа хийсээр сонгуулийн үр дүн гарахад нутгийн ард түмэн маань итгэл үзүүлчихсэн байсан.

-Сонгуулийн сурталчилгаа хэрхэн өрнөсөн бэ?

-14 хоногийн сурталчилгаа маш хурдан дууссан. Би чинь багадаа сумаасаа гараад аймагт арван жилээ, их сургуулиа хотод төгсөж ирээд Улаангомдоо ажилласан хүн. Гэсэн ч төрөлх сумынхан маань маш халуун дотноор хүлээж авсан. Аймгийн ИТХ-ын депутатад нэр дэвшиж байгаа анхны эмэгтэй гээд урам, зориг өгч байлаа. Иргэдтэй нүүр тулж уулзаад л явж байхдаа алхам тутамдаа итгэл урам авч байлаа. Намайг өдий зэрэгт дэмжиж ирсэн нутгийн олон түмэн, аав ээж,  ах дүү, шат шатны эрдэмтэн багш нар, Нэгдсэн эмнэлгийн хамт олон, Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийнхандаа их баярлаж авдаг. Дэмжиж байсан хүмүүсийн ачаар хэцүү байгаагүй ээ. Ер нь тэгээд сонгуульд нэр дэвших шийдвэр гаргахад л эргэлзэж, хамгийн их цаг зарцуулсан. Нэгэнт шийдсэний дараа бол туулаад л, дайраад л гарна. Мэдээж сошиалд янз бүрийн юм явж л байсан. Түүнийг анзаарах завгүй бодлогоо танилцуулах уулзалтаа хийсээр сонгуулийн үр дүн гарахад нутгийн ард түмэн маань итгэл үзүүлчихсэн байсан. Хүмүүс ярилцах сонсох, хүсэлтэй байвч сонгуулийн сурталчилгааны хоног хугацаа давчуу учраас цай амсах ч завгүй л явдаг юм билээ.

- Та ямар асуудлуудыг шийдэх юмсан гэж  зорьж байна?

Аймгийн ИТХ-аас ямар чухал шийдвэрүүд гардаг гэдгийг, анхаарал хандуулах ёстой ямар асуудлууд байгааг ч энэ хугацаанд илүү анзаарлаа. Мэдээж анх удаа шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа учраас суралцах зүйл их. Тойрогтоо ажиллаад, айлуудаар ороод явж байхад айл бүх л шахам цагаан ултай гутал оёж байна. Хөдөөгийнхөн уут уутаар нь цагаан идээ боловсруулсан байдаг. Түүний ихийг эмэгтэйчүүд л үүрийн таван жингээс шөнө дөл болтол хийдэг. Цаг наргүй хөдөлмөрлөж байгаа эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөрийг үнэлэмжтэй болгохсон гэж боддог. Үүний шийдэл аялагчдад зориулж бүтээгдэхүүнээ борлуулах боломж байна. Өнгөрсөн жил наадмын үеэр Хар тэрмисийн амралтын орчмоос 40 тонн хог гарсан гэдэг. Энэ нь  тийм хэмжээний хөлд дарагдсаныг харуулж байна. Тэдгээр хүмүүсийн сонирхол татахуйц үйлчилгээг нутгийн иргэд үзүүлж, орлогоо нэмэгдүүлэх боломж байна. Өөр нэг зүйл нь хүнсний эрүүл ахуй, чанар стандарт байна. Өнөөдөр бид юу идэж байгаагаа шинжлэх боломжгүйгээр хэрэглэдэг. Эргэлзээтэй, шинжлүүлмээр зүйлс байсан харанхуйгаар л хэрэглэж байна. Баталгаат лабораториар шалгагдсан эрүүл хүнс хэрэглэвэл бидний амьдралын чанарт их өөрчлөлт гарна. Гэх мэтээр дотроо анзаарч, зорьж буй зүйл байна. Аймгийн ИТХ-д тэр энэ нам гэхгүй асуудал гаргаад, тодорхойлоод, шийдлээ ярилцах эмэгтэйчүүдийн бүлэг үүсгэх хэмжээний эмэгтэйчүүд сонгогдохгүй байна. Ядаж 10-уулаа энэ танхимд дуу хоолойгоо гаргадаг болоосой. Бид дөрвүүлээ үнэхээр цөөддөг.

-Та дахиад сонгуульд өрсөлдөх үү?

-Анх эхэлж байсныг бодоход улс төрөөс халгах нь багассан. Хүмүүсийг алагчлахгүй харилцдаг эмчийн ёс зүй минь улс төрч болоход их тус болсон. Хэнийг өөчлөхгүй ч харилцдаг болохоор нутгийн олон маань дотно сайхнаар асуудлаа ярьдаг. Та дахин нэр дэвшиж ирээрэй гээд захиж байгаа. Тиймээс орхих бодол алга аа. Хийж байгаа ажлаараа ч нийгэмдээ тустай хөдөлмөрлөе гэж хичээдэг. Аймгийнхаа шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хоёр жил орчмын туршлага, мэдрэмж маань нийгмийн суурь асуудлуудад анхаарах хэрэгтэй гэж л санагдсан.  

Эмчээс сонгуульд нэр дэвших шийдвэр гаргатлаа тэр үнэхээр эргэлзэж байж. Гэхдээ эцсийн мөчид гаргасан шийдвэр нь иргэдийн итгэл хүлээн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах боломж олгожээ. Хэдийгээр улс төрд орсон эмэгтэйчүүдийн адилаар эмэгтэй байгаагийнхаа төлөө шүүмжлүүлдэг ч түүнд ач холбогдол өгөхийг боддоггүй гэнэ. Нийгмийн сайн сайхны төлөө хийх ажил ямар их байгааг олж харсан учраас тэр ухрахгүй.

СУМЫН ИТХ-Д ЭМЭГТЭЙЧҮҮД СОНГОГДОХ БОЛОМЖ ИЛҮҮ

Увс аймаг 19 сумтай. Хүн амын тооноос хамааран сумын ИТХ нь 15, 21, 27, 31 төлөөлөгчөөс бүрдэнэ. 2020 оны сумдын ИТХ-ыг сонгох сонгуульд 403 суудлын төлөө нийт 835 хүн нэр дэвшсэнээс 233 нь эмэгтэй нэр дэвшиж 94 эмэгтэй Увс аймгийн сумдын ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байна. 

             

Увс аймгийн Завхан сумын Засаг дарга Аюушийн Ягаан бол аймгийн хэмжээнд сум удирдаж буй хоёр эмэгтэй Засаг даргын нэг юм. Сумын ИХТ-д эмэгтэйчүүд сонгогдох боломж илүү байгаа хэмээн тэрбээр дүгнэж байна.

Сонгуулийн насанд хүрсэн цагаасаа А.Ягаан улс төрийн сонгуулиудад ухуулагчаар ажиллаж эхэлжээ. Сумандаа ухуулагчаар ажилласан түүний идэвх чармайлт сонгуулиас сонгуульд, ялалт ялагдлын алинд ч хурцлагдсаар хэр баргийн доромжлолыг тоохоо больж, тэвчиж сурчээ.

Завхан сум байгуулагдсан 92 жилийн түүхэнд сонгогдсон анхны эмэгтэй Засаг дарга нь би. Хурлын дарга маань ч эмэгтэй. Биднийг ард түмэн маань их дэмжиж байгаа”

“Эмэгтэй хүн ажил цалгардуулна, гэрийн ажлаасаа илүү гарахгүй гэсэн хэвшмэл ойлголт, түүнийг нотлох гэсэн эрээ цээргүй доромжлол залуу байхад их ирдэг байсан. Хамгийн их доромжилдог үгсийн эхэнд “айлын авгай”, “хэл амтай авгай”, “ар гэрээ хайхардаггүй илүү завтай авгай” гэсэн үгс байдаг даа. Гэр бүлийн хүний, мөн хүүхдүүдийн намайг ойлгодог дэмжлэгээр л энэ бүхнийг даван туулдаг. Завхан сум байгуулагдсан 92 жилийн түүхэнд сонгогдсон анхны эмэгтэй Засаг дарга нь би. Хурлын дарга маань ч эмэгтэй. Биднийг ард түмэн маань их дэмжиж байгаа” хэмээн А.Ягаан хэллээ.

Ярихаас илүүтэй бодитоор ажиллаж харуулахад иргэд илүү итгэдэг гэдгийг А.Ягаан өнгөрсөн хугацаанд ойлгож, амьдралд хэрэгжүүлж иржээ. Гэхдээ эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд адилхан хийж чадна гэдгээ харуулах боломж нь хязгаарлагдмал байж магадгүй гэж тэр үзэж байна. “Миний хувьд 2013 онд “Ногоон алт” төслийн сумын зохицуулагчаар ажиллаж, “Сумын бэлчээр ашиглагчдын холбоо” ТББ-ыг удирдаж, улмаар малчдын Хадгаламж зээлийн хоршоо байгуулан ажилласан нь юу хийж чадахаа харуулсан, иргэдийнхээ итгэл хүлээх боломж байсан. Суманд хаа очиж хийсэн ажилтай хүнийг дэмжих хандлага их байдаг учраас сумын ИТХ-д эмэгтэйчүүд сонгогдох боломж илүү” гэж тэр хэллээ.

Сүүлийн гурван жилийн Ковид-19-ийн цар тахлаас гадна шүлхийн халдварыг эрсдэл багатай давах ажлыг А.Ягаан амжилттай удирдан ажилласан. Гамшгийн үеийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах нь Засаг даргын үүрэг боловч сумын онцлог, иргэдийнхээ нөхцөл байдлыг харж хөрсөндөө буулгахад илүүтэй хичээж ажиллажээ. “Тусгаарлах байр, түүний нөхцөл гээд ээж хүний сэтгэлээр орхигдсоныг олж харж ажиллаж байгааг минь олон хүн үнэлсэнд үнэхээр урамшсан. Шүлхий, Ковид-19-ийн сорилт иргэдтэйгээ илүү ойлголцож, ойртож ажиллах туршлагыг минь улам нэмлээ. Одоо иргэдийн орлогоо нэмэгдүүлэхэд дэмжих бодлогодоо анхаарлаа хандуулна. Орлоготой хүн л эрүүл мэндээ хамгаалж, боловсрол мэдлэгээ дээшлүүлж чадна” хэмээн А.Ягаан цаашдын зорилтоо тодорхойлжээ.

СОНГОСОН ЗАМААСАА УХРАХГҮЙ, ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Аймгийн ИТХ-д төлөөлөгч Ц.Цолмон, ухуулагчаас сумын Засаг дарга хүртэл улс төрийн замналаа шат дарааллаар нь үргэлжлүүлж чадсан А.Ягаан нар хэн хэн нь эхлүүлснээ орхихгүй, үргэлжлүүлэх зорилготой.

Монголчууд бид төлөөллөөрөө дамжуулан төрийн бодлого шийдвэрт оролцох эрхтэй ардчилсан тогтолцоотой улс. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ (Улсын Их Хурал), нутгийн удирдах ёсны байгууллага аймаг, сумын ИТХ (Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал)-д ард түмнээс сонгогддог. Ингэж төлөөллөөрөө төр бариулахын гол зорилго нь юуг ч орхигдуулахгүйгээр олон талт оролцоотойгоор бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх. Хэнийг ч орхигдуулахгүй байх нь ардчиллын үндсэн зарчим. Гэхдээ бид орхигдуулсаар байгаа. Тэр нь эмэгтэйчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшнээс илүүтэй сонсох боломжийг бүрэн нээж чадахгүй байгаа явдал.

1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа баталж “Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” жендэрийн тэгш эрхийг баталгаажуулсан.  Төлөөллөөрөө дамжуулан төр барих, улс төрд эмэгтэй, эрэгтэй тэгш оролцох эрхтэй ч хүн амын 51 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн УИХ дахь төлөөлөл нь 17,1 хувь. Энэ бол дэлхийн дунджаас 7,3 хувиар бага.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, тэдний чадавхыг бэхжүүлэхэд улс төрийн намууд аль нэг хүйсийн төлөөллөө 20-иос доошгүй хувьтайгаар нэр дэвшүүлэх нь чухал үзүүлэлт болж байна. Үүнтэй адилаар Ц.Цолмон шиг, А.Ягаан шиг олон эмэгтэй улс төрд өрсөлдөх шийдвэр гаргах нь ямар нэг квотоос илүү үр дүнд хүргэх магадлалтай.

Үндсэн хуулиар баталгаажсан атал улс төрд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй хэвээр байгаа шалтгаануудыг гаргасан судалгаа бий. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн 2020 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд улс төрд ордоггүй шалтгаанаа “ар гэрийн ажил, хүүхдээ асрах ажилд дарагдсан байдаг”, “эмэгтэйчүүдийг дэмжих танилын хүрээ дутмаг” зэрэг шалтгааныг нэрлэжээ.

Харин Увс аймгийн Малчин сумын ИТХ-ын дарга Б.Бумцэнд ингэж тайлбарлаж байна. “Би олон жил сумынхаа АН-ын хорооны даргын алба хашиж, сонгуулиудад оролцсон. Сумын хувьд эмэгтэйчүүд боловсрол, эрүүл мэндийн салбарт голлон ажилладаг. Сонгуульд нэр дэвшихийн тулд ажлаас чөлөөлөгдөх болсноор нэр дэвших эмэгтэйчүүлийн тоо бүр цөөрсөн. 21 мандаттай манай сум л гэхэд 20 хувь буюу зургаан эмэгтэйг арай гэж дэвшүүлдэг. Нөгөө нам ч ялгаагүй” хэмээсэн юм.    

Ялангуяа эмэгтэйчүүд давуу тоотой ажилладаг эрүүл мэнд, боловсролын салбарын эмэгтэйчүүдийн хувьд хуулийн эдгээр заалт улс төрд орох хүсэл, эрмэлзэлд нь саад болж байгаа юм. Нөгөө талаас төрийн үйлчилгээний алба хашиж хүмүүс сонгуульд нэр дэвшээд, буцаад ажилдаа орох боломжтой боловч сонгуульд олонх болж чадахгүй бол гадуурхал, хавчлагыг мэдэрч, удирдлагын дарамт шахалтад өртөх нь орон нутгийн хувьд түгээмэл байна.            

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн  28.4.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч”; 28.4.2-т “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан сонгуульд нэр дэвшихээр бол” ээлжит сонгуулийн жилийн наймдугаар сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна хэмээн заасан. Улс төрийн намуудын хувьд олонд танигдсан, нутгийнхандаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг дэвшүүлэх хүсэлтэй. Сонгогчид мэдлэг боловсролтой, хийсэн ажилтай хүмүүсийг дэмжих хандлагатай. Харин  төрийн алба хашиж буй хүмүүст сонгуульд оролцохын тулд ажил, амьдралын баталгаагаа дордуулах нь суманд ажиллаж амьдардаг хүмүүсийн хувьд хэцүү сонголт болж байна. Ялангуяа эмэгтэйчүүд давуу тоотой ажилладаг эрүүл мэнд, боловсролын салбарын эмэгтэйчүүдийн хувьд хуулийн эдгээр заалт улс төрд орох хүсэл, эрмэлзэлд нь саад болж байгаа юм. Нөгөө талаас төрийн үйлчилгээний алба хашиж хүмүүс сонгуульд нэр дэвшээд, буцаад ажилдаа орох боломжтой боловч сонгуульд олонх болж чадахгүй бол гадуурхал, хавчлагыг мэдэрч, удирдлагын дарамт шахалтад өртөх нь орон нутгийн хувьд түгээмэл байна.            

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар бүх талын хамтын хичээл зүтгэл хэрэгтэй талаар жендэрийн тэгш байдал, охид эмэгтэйчүүдийн чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж буй “Сайн тус төв” ТББ-ын тэргүүн Д.Дулмаа хэлэхдээ “2012-2016 онд УИХ-аас батлан гаргасан Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зэрэг хууль нь амьдралд эерэг нөлөө авчирсан. Үүнийг эрэгтэйчүүд биш тухайн үед сонгогдон ажиллаж байсан эмэгтэй гишүүд санаачлан батлуулсан. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажилласнаар орхигдсон асуудлуудыг харж, шийдлийг гаргаж ирдгийг нэг л жишээ энэ” гэсэн юм.

 Эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд олноор сонгогдон ажиллавал иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 2012-2016 оны УИХ-ын “Эмэгтэй гишүүдийн бүлэг”-ийн санаачилсан хуулиудыг сайн жишээ болгон ярьдаг. Энэ нь эрэгтэйчүүд муу, эмэгтэйчүүд илүү гэсэн үг биш. Хүүхэд төрүүлж, өсгөх, ар гэрээ халамжлах зэрэгт эмэгтэй хүн голлон оролцдог нь амьдралын  асуудлуудыг олж анзаарах боломж нэмдэг. Энэ нь ийм байх ёстой гэж бидний харж дассан, хэвшсэн өдөр тутмын тэдгээр асуудлуудыг эмэгтэйчүүд илүү гүн мэдэрч шийдвэр гаргадагтай холбоотой.

 

823   0
НИЙТЭЛСЭН: Энхмаа