Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2022-03-17

Хайчилбар зураг урлаач, Харуулын дарга, дэд ахлагч Г.Энхбат

Ямаат уулан дахь  хилийн харуулын өндөрлөг. Уулын бэлээр үүлс бөөгнөрөн, цас бударна. Оргилд, өндөрлөгт тэнгэр цэлмэг. Үүр хаяарч, улбар туяагаа мандуулсаар нар бидний түвшинд манддаг. Хариуцсан өндөрлөгтөө хилийн манаанд хоносон цэргүүдийн шөнийн алжаалыг үлдэн хөөдөг хором. Хүн бүрийн мэдрэхгүй энэ мэдрэмжийг хилчид бид манаанд гарах бүрдээ харж, эх орныхоо шинэ өглөөг амгалан  угтдаг. Хилийн цэргийн 0245-р ангийн Давстын заставын харуулын дарга, дэд ахлагч Гэрэлчулууны Энхбат хилийн манаанд өглөөг хэрхэн эхлүүлдгээ ингэж дүрсэлсэн юм.

Тэрбээр Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хааж, үргэлжлүүлэн Хилийн цэргийн 0245-р ангид гэрээт цэргийн алба хашсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрж өссөн залуу. Давст суман дахь дахь хилийн Заставд харуулын даргын албатай. Хариуцлагатай албынхаа хажуугаар хайчилбараар бүтээл хийх дуртай дэд ахлагч Г.Энхбат “Монгол цэргийн өдөр”-ийг угтан “Эх оронч хилчин” нэртэй гар  урлал, хайчилбарын бие даасан үзэсгэлэн дэлгэлээ. Хайчилбараар бүтээсэн 40 орчим бүтээлийн 14 нь Хилийн цэргийн баатруудын хөрөг байлаа.

Ерөнхий боловсролын сургуульд химийн хичээл заадаг байсан н.Энхбат гэдэг багш нь анх “Чи гарын ур дүүтэй учир үүнийг нэг оролдооч үзээч” гэснээр хайчилбар сонирхож эхэлжээ. Улмаар Ховд их сургуульд архитектурын чиглэлээр  суралцаж байхдаа мэргэжлийн техникүүдийг судалсан байна. “Хайчилбар нь зурах чадвар болон гарын ур дүйг зэрэг шаарддаг. Бүгдийг нь хооронд нь холбож хайчлахад маш их эв, мэдрэмж хэрэгтэй. Зураас алдалгүй хайчилж чадвал тухайн бүтээл  орчинтой харагдана. Ажлынхаа чөлөө, заваар бүтээлээ хийсээр маш их дадлагажсан. Манай эхнэр бас хайчилбар хийдэг. Ингээд Хилийн цэргийн 0245-р ангийн хамт олны дэмжлэгээр бие даасан үзэсгэлэн гаргаж байна. Тусалж дэмжсэн хүмүүст, үзэсгэлэнгийн танхимаар хангасан Хүүхдийн хөгжил, насан туршийн боловсролын төвийн удирдлага хамт, олонд маш их баярлалаа” гэсэн юм.

                Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Маршал,  Юмжаагийн Цэдэнбалын хайчилбар хөргийг дуудлага худалдаагаар борлууллаа. Тус хөргийг 20 мянган төгрөгөөс эхлэн дуудаж дуудлага худалдаг 150 мянган төгрөгийн үнэд хүрсэн. Хилийн цэрэгт ажиллаж буй хүмүүсийн дунд урлаг соёлын авьяастнууд олон байдаг байна. Байгалийн сайханд ажиллаж, эх орноо хамгаалах сэтгэл огшоосон мэдрэмжийг үргэлж авдаг учраас авьяас билэг нь нээгдэн, хөгждөг болов уу хэмээн үзэсгэлэнг сонирхогчид ярилцаж байлаа. Хилийн цэргийн 0245-р ангийн захирагч, хурандаа Д.Амарсанаа үзэсгэлэнгээ дэлгэж буй дэд ахлагч Г.Энхбатад баяр хүргэж, үг хэлэхдээ “Эх орныхоо дархан хилийг хамгаалахын зэрэгцээ уран бүтээл туурвиж буй дэд ахлагч Г.Энхбатдаа баяр хүргэе. Хүний авьяас, ур, чадвараар бүтэж бий болдог бүхэн маш үнэ цэнтэй. Түүнд хүний сэтгэл, тэсвэр тэвчээр, хөдөлмөр, оюун ухаан шингэсэн байдаг. Үүнийг мөнгөөр үнэлшгүй. Манайд Г.Энхбат шиг уран бүтээлч залуу олон бий. ” хэмээн онцолсон юм.

Цаасан хайчилбар нь сийлбэрийн урлагийн төрөлд багтдаг. Хятад улсад үүсэж, хөгжсөн урлагийн төрөл хэмээдэг байна. Хайчилбарыг цаас, алт, мөнгөн ялтас, модны холтос, навч, арьс, шир гэх мэтээр урлаж болдог. Энгийн өртөг багатай материалаар ч үзэмж төгс бүтээл урладаг учраас хүмүүсийн таашаалыг ихэд татдаг байна.

Тус үзэсгэлэнг үзэж сонирхсон Улаангом Политехник коллежийн Гар урлалын багш Л.Коля “Хар зургаа  зурж, улмаар гэрэл сүүдрийг гарган нягт нямбай хайчлах нь уран бүтээлчээс маш их ур, эв дүй шаарддаг. Г.Энхбатын бүтээлүүдээс хөдөлмөр, хичээл зүтгэл харагдаж байна. Баатруудын хөрөг маш их анхаарал татлаа. Түүхэн хүний хөрөг хайчилбараар бүтээнэ гэдэг бол маш их ур чадвар шаардах ажил. Аймгийн музей худалдаж аваад хадгалмаар хайчилбар хөргүүдийг бүтээсэн байна” хэмээн үнэлсэн юм.

             Хилийн харуулын дарга, дэд ахлагч Г.Энхбатын  "Эх оронч хилчин" гар урлал, хайчилбарын үзэсгэлэн 3-р сарын 18-ыг дуустал бөхийн өргөөнд үргэлжилнэ. 

608   0
НИЙТЭЛСЭН: Энхмаа