Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2022-03-21

Шинэ хөдөөг бүтээх загвар шийдлийн төлөө зорьж буй фермер Б.Батбаяр

Улаангомын төвөөс алсхан, Улиасны хэвийн адагт үнээний фермийн аж ахуй эрхэлдэг залуухан фермер Б.Батбаярынх бий. Саалийн үхрээ зогсоо тэжээж, сүүгээ зах зээлд нийлүүлдэг товхийсэн аж ахуйтай. Шинэ хөдөөг бүтээх загвар шийдлийн төлөө зорьж буй фермер.

“Хүн газар үзэж, хийсэн бүтээсэн хүмүүсийн ажил туршлагатай танилцах тусмаа илүү их хүсэл тэмүүлэлтэй болдог юм билээ.

Тоо цохиж, ашиг тооцоолдог хүмүүс намайг өөр ажил хий л гэдэг байсан. Залуу байна сурч, боловсор ч гэж ятгана.  2008 онд ЕБС-ийн сургуулиа төгсөөд л аав ээждээ тусалж, малын захад ирсэн болохоор сайныг хүсэж л тэгж хэлдэг байсан байх. Өглөө оройд үнээгээ саах гэж туслахтайгаа хоёул 2-3 цаг болдог. “Хаа нэг нээрээ ч олноо дагаад дээд сургуульд орох байж уу гэж бодогдоно. Ээ тэгээд биеийн тамирын чиглэлээр л сурвал сурна даа чи гэж өөртэйгөө ярина. Гэхдээ шантрах зав үнэхээр байгаагүй. Өглөө, орой, өнөөдөр маргааш гэж ажилласаар ажилдаа улам дурласан. Энэ шийдвэр маань үнэхээр зөв байсныг жил өнгөрөх тусам л мэдэрч байна” хэмээн Б.Батбаяр ярьсан.

Хүнийг урагшлуулдаг нь зорилго. Зорилго тэмүүллээ олоход тусалдаг нь мэдээлэл. Хүн сонсож дуулсныхаа хэрээр мөрөөдөж, мөрөөдсөнийхөө хэрээр бүтээж хөгждөг. Б.Батбаяр 2010 оноос фермер  болохоор зорьж, аж ахуйгаа бүрэн хариуцах болсон байна. “Хүн газар үзэж, хийсэн бүтээсэн хүмүүсийн ажил туршлагатай танилцах тусмаа илүү их хүсэл тэмүүлэлтэй болдог юм билээ. Би сүүний фермер гэсэн нэртэй тооны олноор сүү авдаг байлаа” хэмээн алдаа оноогоо хуваалцав.

Гурван жилийн өмнө Баянчандманьд очиж фермийн аж ахуйтай танилцсан нь өөрийн фермээ өргөжүүлэх, хөдөлмөр, цаг хэмнэсэн шийдлүүдийг нэвтрүүлэх хэрэгтэйгээ ойлгосон гэсэн. Ингээд саалийн 30 үнээгээ зогсоо тэжээ байр барьж, өвс тэжээл тавих, баас түүх зэрэг хөдөлмөрүүдийг хөнгөвчилсөн шийдлээр ажиллаж болжээ. Түүнчлэн үхрээ саахдаа саалтуур ашиглана. Фермер байх уламжлалт мал аж ахуй эрхлэхээс олон давуу талтай. Тогтмол орлоготой. Гадаа гандаж, хөдөө хөхрөхгүй. Цаг зав харьцангуй боломжийн байдаг нь  түүнд таатай байдаг.

Хааяадаа найзууд “За үхрээ тэжээсээр л байна уу? гэнэ. Би ч мөчөөгөө өгөхгүй үхэр бид хоёр бие биеэ тэжээж байна гэж цаашлуулдаг”

 “Шинэ хөдөө-Увс” төслөөс зохион байгуулсан танилцах аялалд оролцож дахиад л шинэ мөрөөдөлтэй болсон. Үнээнүүдээ сүүний чиглэлийн хээлтүүлэгчээр  сайжруулна. Таван жилийн дараа гэхэд 100 хувь сүүний чиглэлийн үнээтэй болчихсон байна хэмээн шинэ зорилгоо хуваалцсан.

Хааяадаа найзууд “За үхрээ тэжээсээр л байна уу? гэнэ. Би ч мөчөөгөө өгөхгүй үхэр бид хоёр бие биеэ тэжээж байна гэж цаашлуулдаг” юм. Малын буянд сайхан амьдарч байна хэмээн сэтгэл дүүрэн ярих Б.Батбаяр өнөр өтгөн гэр бүлийн өрхийн тэргүүн. Хүүхдүүдээ өсгөх, аж ахуйн ажил гээд эх маань л сурсан мэргэжлээрээ ажиллахгүй завсардаж байна. Аж ахуйн тайлан тооцоог эхнэр маань хариуцдаг. Бидний адил өөрсдийн хүсэл, сонирхлоороо ажиллаж буй хүмүүст аж ахуй эрхлэх чиглэлийн мэдлэг мэдээлэл дутдаг. Удахгүй ийм чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүстэй хоршиж ажиллахсан хэмээн бэрхшээл сорилтынхоо шийдлийг эрэх мэт өгүүлнэ.

Б.Батбаярын “Сансар жим” хоршоо “Шинэ хөдөө-Увс” төслөөр Улаангомд байгуулагдсан сүү, цагаан идээ боловсруулах цехийг хариуцахаар шалгарчээ.

524   0
НИЙТЭЛСЭН: Энхмаа