Даваатын Мөнхбат: Цаг уурчдын цуглуулсан дата бол ирээдүйг бодитоор баримжаалах баримт
“Байгалийн бэрхэд техник биш тэмээ л хүрдэг юм билээ”
Наймдугаар сар. Жилийн жилд энэ цагт бороо олон өдрөөр үргэлжлэн орох нь элбэг. Ийм үед Түргэний оргил дунд үүл, манан дунд бороо, салхи, аянга, цахилгаан аль, аль нь зэрэгцэнэ. 2013 оны 8-р сарын эхэнд ийм нэг бороотой цагаар таван тэмээнд байшин ачиж, хэсэг хүмүүс уулын өндөр рүү мацна. Мөнх цасны хайлах эрчмийг судлахаар зорьж буй нь энэ аж. “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслөөр Увс аймгийн нутагт орших Түргэний уулсын мөсний хайлах үйл явц, эрчмийг судлахын тулд мөнх цасанд хамгийн ойр өндөрлөгт судалгааны хэрэгсэл, зөөврийн сууцаа зөөж байгаа нь энэ.
Энэхүү судалгааны багт Увс аймгаас тухайн үед УЦУОШТ-ийн даргаар ажиллаж байсан Даваатын Мөнхбат орж ажилласан байна. Цаг уурын байгууллагад 33 жил ажиллаж буй түүний хувьд мөнх цасны хайлах эрчмийг судлах багт ажилласнаараа үргэлж бахархдаг. Тэмээгээ хомнон ачаалж өндөр нэг л удаа зөөдөг байсан. Ингэсээр таван өдрийн дараа 2900 орчим метрийн өндөрт хүрч чадсан хэмээн Д.Мөнхбат дурсан ярилаа. “Байгалийн бэрхэд техник биш тэмээ л хүрдэг юм билээ” хэмээн тэдний багийн эл ажлыг төслийн хүрээнд хуримтлуулсан баатарлаг туршлагуудыг нэгээр онцолж байжээ.
100 жилийн дата гэдэг бол судалгааны эргэлтэд оруулж, үнэ цэн шингээх баялаг. Ирээдүйг бодитоор баримжаалах баримт.
Хархираа голын эх буюу зүүн Түргэний 3300 метрийн өндөрт мөстлөгийн цэгт судалгааны багажаа байрлуулсан байна. Судалгааны багийн гурван жилийн ажиглалтаар мөс жилд 1,5-2 метрээр нимгэрч байна гэсэн судалгаа гарч, энэ эрчээрээ хайлсаар байвал 2050 он гэхэд мөнх цас хайлж дуусна гэсэн тооцооллыг гаргаж ирсэн.
Хүмүүст, байгууллагад, төр засагт байгаль, уур амьсгал хэрхэн хувьсах тухай ирээдүйн таамаглалыг дэвшүүлсэн олон судалгаа бий. Уур амьсгал өөрчлөгдөж, бэлчээр, ус доройтож буйг зуун жилээр дүгнэх, таамаглах үнэ цэнтэй дата мэдээллийг цуглуулж байдаг хүмүүс бол Цаг уурчид юм. 100 жилийн дата гэдэг бол судалгааны эргэлтэд оруулж, үнэ цэн шингээх баялаг. Ирээдүйг бодитоор баримжаалах баримт.
Д.Мөнхбат 1989 онд Баруунтуруун суман дахь цаг уурын ажиглалтын станцад ажиглагчаар ажлын гараагаа эхэлжээ. Ажиллаад удаагүй нийгэм өөрчлөгдөж, амьдралаа сайжруулахын төлөө хүн бүр өөр өөрийнхөө зүтгэж эхэлсэн тэр цагт цаг уурын байгууллагадаа үнэнчээр үлдсэндээ баярладаг. Энэ тухайгаа “Цаг бас л хэцүү байсан шүү дээ. Залуу ч байлаа. Өөр ажил хийе. Яаж ийм цалингаар гэр бүлээ тэжээх билээ гэж бодож, эргэлзэж байсан үе бий. Гэхдээ техник технологийн дэвшил хамгийн түрүүлж нэвтэрдэг байсан болохоор эргэлзээгээ шийдвэр болгох завгүй ажилласаар үлдсэн дээ. Хуучин механик багажуудаа автомат багажаар солих, түүнийг хэрхэн ашиглах талаар сумын цаг уурчдадаа заах, сургах ажлуудыг хариуцдаг байлаа. Эргээд бодохоор 7-8 найман хүний хийх ажлыг л хийдэг байж. Одоо ч чиглэл бүрээр мэргэжилтнүүд бэлтгэгдэж ажлын ачаалал эрс багассан.” хэмээн тэрбээр цаг уураас яваагүй тухайгаа хуваалцав.
1992 оны 1 сарын 14-нд аймгийн Ус цаг уурын Улаангом өртөөнд тeхникчээр ажилд орж, цааш нь холбоо зангилгаанд опeраторч, засварын тeхникч, инжeнeр, хөдөө аж ахуйн цаг уурын станцын тeхникчээр ажиллаж байгаад МУИС-ийн Фикик элeктроникийн сургуульд суралцаж 2000 онд цаг уурын инжeнeр мэргэжлээр төгсөж үргэлжлүүлэн хөдөө аж ахуйн цаг уурын инжeнeр, уур амьсгалын боловсруулалтын инжeнeр, мэдээллийн дэд сангийн инжeнeр, синоптик инжeнeр, багаж хэмжилзүйн инжeнeр, eрөнхий тeхнологич инжeнeр, eрөнхий инжeнeр, хэлтсийн дарга, албаны дарга, цаг агаарт зориудаар нөлөөлөх экспeдицийн инжeнерээр тасралтгүй ахиж ажиллажээ.
Д.Мөнхбат малчин айлын хүүхэд. Хяргас сумын уугуул. Сумын цаг уурчаас ахиж ажилласаар төрийн байгууллага удирдсан хүүгээрээ ээж, аав нь бахархдаг. Манай удмын эрдмийн мөр хөөж, төрийн тамга атгасан хүн хэмээн урам хайрладаг гэнэ.