Лхагва 2019-01-02 Улаангом
Хүний түүх   2022-03-27

Хүрээлэн буй орчны бохирдол, идэж буй хоол хүнс, хорт зуршлаас өвчлөх нөхцөл бүрдэж байна

     Эмгэг судлаач эмчээр мэргэшин улсад 22 ажиллаж байгаагаас орон нутагтаа 12 дахь жилдээ ажиллаж буй Батнасангийн Баттүвшин эмч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Онош, үйлийн тасгийн эрхлэгчийн албатай. Монгол улсын хэмжээнд энэ мэргэжлийг эзэмшсэн 80-аад хүний нэг нь. Орон нутагтаа, аав ээжийнхээ дэргэд л ажиллаж байвал гэсэн шийдвэрээр Эмгэг судлалаар мэргэших болсон нь 2011 он. Тухайн үед энэ чиглэлээр мэргэшээд ирвэл орон байр, гэр бүлийг хүнийг ажлаар хангана гэсэн нь ч түлхэц болсон гэдэг. Хэдийгээр нөхөрт ажлын байр олдоогүй ч эмгэг судлалаар мэргэшиж, орон нутагтаа ажиллаж байгаадаа харамсдаггүй гэж байлаа.

     Эмгэг судлалаар мэргэшиж, ажиллах хүн зориг, тэнхээ, цээргүй сэтгэлтэй байх нь хамгийн чухал гэнэ. Магадгүй ийм учраас өнөөдрийг хүртэл эмгэг судлаачаар ажиллаж буй эмч тун цөөхөн. Яагаад ийм бага байдаг гэвэл цалин багатай, нөхцөл нь хүнд хортой. Задлан хийнэ гэдэг эмэгтэй хүний хувьд амар ажил биш. Сэтгэл зовинох, үнэр орчин нөхцөл ах дүү хамаатан, саднаас эхлээд  хүлээж авах хандлага муу.

     Хүүхэд нь өвдөхөд л ажлаас чинь боллоо, үхээрийн бузар туссан байна гэх зэргээр шалтаг хайна. Ихэнх нь ажиллах хугацаандаа халширч ажлаа солих нь ч их. Б.Баттүвшин эмчид ч гэсэн ийм үе байжээ. Нялх хүүхдийг нь өвчин ороогоод хүүхдийн сэхээнд олон хоногоор эмчлүүлж байсан өдрүүд ч бий. Ийм үед олон хүн ажлаа солихыг зөвлөж байсанд эргэлзэж эхлээд байжээ. Түүний нөхөр “Хүний муу хүнд халддаггүй. Цаг хугацаа зарцуулж суралцсан энэ мэргэжлээрээ ажиллавал олигтойхон ажилла. Үгүй бол эртхэн боль” гэж хэлсэн нь ажлаа үргэлжлүүлэн хийх тэнхээг өгчээ.

Дурангийн шинжилгээ хийхэд хавдар нь хожуу шатандаа орчихсон хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд.  Үнэхээр санаа зовоодог. Ядаж  нэг жилийн өмнө ирэхгүй дээ гэж өмнөөс нь харамсдаг.

     Тулсан бэрхшээл сорилтыг даваад гарахад урам зориг өгөх зүйлс олон байдгийг олж харснаар мэргэжилдээ улам дурласан гэнэ. Хүүхдээ аваад хүүхдийн тасагт хэвтэж байх үед нь нэгэн эмэгтэй хайсаар иржээ. Хавдрын шинжилгээ хийж яаралтай хийж өгөхийг хүссэн байна. Ингэж л хүмүүст хэрэгтэй гэдгээ, хүний амьдралыг уртасгах боломжтой гэдгээ ухаарч мэргэжилдээ улам дурлах болжээ. Хавдраа эрт илрүүлж чадсан тэр эмэгтэй өнөөдөр үргэлж талархаж, уулзах бүрдээ баярласнаа илэрхийлдэг.

     Хавдрыг энэ мэтээр эрт илрүүлж байж л хүмүүсийн элэг бүтэн амьдралыг хадгалж үлдэнэ хэмээн Б.Баттүвшин эмч ярьсан. Харамсалтай нь олонх нь хожуу үедээ оношлуулдаг. Дурангийн шинжилгээ хийхэд хавдар нь хожуу шатандаа орчихсон хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд.  Үнэхээр санаа зовоодог. Ядаж  нэг жилийн өмнө ирэхгүй дээ гэж өмнөөс нь харамсдаг. Оношилж байгаа нь сайн хэрэг ч зонхилон тохиолдож буй хавдрыг судлах хэрэгтэй гэж манай баг үзэж хавдраар оношилсон хүмүүсийнхээ зан үйл, хоол хүнсийг тодруулж судалж эхэлсэн байна.

     Үүний шалтгаан их өргөн цар хүрээтэй. Хавдар нь кодлогдож, үе дамждаг.  Одоо болтол яг энэнээс болоод үүсэж байна гэсэн тогтоогоогүй ч  тухайн хүний амьдралын хэв маяг, эрүүл мэндийн боловсрол, хорт зуршил, идэж ууж байгаа хоол хүнс, амьдарч байгаа орчин гэх зэрэг маш олон зүйлээс үүдэлтэй. Хэрвээ та эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, өвдөж эхлэхээр биш урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдаж хэвшвэл, идэж буй хоол хүнсээ зөв тохируулан хэрэглэж, хүрээлэн буй орчноо цэвэр ариун байлгаж чадвал үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн Б.Баттүвшин эмч зөвлөсөн.

     Б.Баттүвшин эмчийн ээж нь хүүхдийн эмчээр олон жил ажилласан. Ээж шигээ хүүхдийн эмч байсан бол олонд танигдаж хүндлэгдэх байсан гэж зарим хүмүүс миний өмнөөс харамсаад байгаа юм шиг ярьдаг. Би энэ ажилдаа хайртай. Ээжийнхээ эмч гэсэн мэргэжлийг залгаж яваадаа бахархдаг. Хүүхдүүдээ ч гэсэн эмч болоосой гэж боддог. Тэгээд гэр бүлийн эмнэлэг ажиллуулна гэж мөрөөддөг хэмээн мөрөөдлөө хуваалцсан юм.   

 

724   0
НИЙТЭЛСЭН: MyUvs