Лхагва 2019-01-02 Улаангом
Хүний түүх   2022-04-04

Б.Буянцог: Ирвэс хамгаалах төслөөр бүх талын оролцоог бэхжүүлж, байгаль хамгаалалд ахиц гаргасан туршлагуудыг бүтээсээр байна

Байгаль орчны салбарт 30 гаруй жил ажиллаж буй Бат-Очирын Буянцог нь Сreative hub дундын оффис, www.myuvs.mn сайтаас зохион байгуулдаг “Хатан зоригийн үлгэр” эвентэд оролцон өөрийн туршлагаа хуваалцсан юм.  Б.Буянцог нь байгалийн нөөцийн судалгааны чиглэлээр мэргэшиж ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн дэмжлэгтэйнээр Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран ажиллалаа.

Байгалийн судалгаанд тулгуурлаж, нөөцийн зохистой ашиглах талаарх ойлголт нийтийн дунд шинэ тутам. Магадгүй угалзыг (аргаль хонь) тусгай зөвшөөрлөөр агнуулах  зэргээс Увсынхан анзаарч эхэлсэн болов уу? Таны хувьд энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн нь хэдийд вэ?

Намайг сургууль төгссөн жил Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжиж байсан үе. Сургуулиа төгсөхөд  гурван газраас ажлын байрны санал ирсэн.  Тухайн үед аав минь бурхан болсон байсан учраас ээж минь “нутагтаа ирж ажилла” гэсэн. Аймагт ирээд “ойн аж ахуй”  гэдэг газар хуваарилагдаж ажилласан. Хүн бүр л ажилтай байхын төлөө, цомхотголд өртөхгүйн төлөө залбирч байсан үед би өргөдлөө өгөөд гарч байлаа. Учир нь хууль эрх зүйн зохицуулалтууд шинэ тутам. Зарим нь батлагдаж ч амжаагүй, тодорхой бус зүйл их байсныг тэр үеийнхэн бүгд л мэднэ. МУИС-ийг биологич мэргэжлээр төгссөн би ан амьтан хамгаалах, зүй зохистой ашиглах чиглэлийн ажлууд орхигдож байна гэж үзээд тухайн үеийн аймгийн удирдлагуудад танилцуулж, ярьж эхэлсэн. Одоогийнхоор төсөл маягийн зүйл л бичсэн байж л дээ. Ямартай ч удирдлагууд ойлгон дэмжиж, амьтан хамгаалах мэргэжлийн байгууллага “Ангийн аж ахуй” гэж байгуулсан.  Холбогдох шийдвэр нь гараад сар орчим хүлээлттэй байж байтал  М.Цэвээнжав гэдэг хүнийг даргаар тавьж би анхны мэргэжилтнээр нь ажиллаж эхэлсэн.

Байгаль хамгаалах, ан агнах арвин уламжлалтай, зан заншлаа сэргээх ажлуудыг эхэлсэн гэсэн үг үү?

Тэгэлгүй яахав. Анчдын туршлага судлах, тэднээр яриа таниулга хийх зэргээр ажиллаж байсан даа. Байгаль хамгаалах, ан амьтнаа хайрлах сэтгэл монгол хүнд бага балчраас сууж, хүмүүжил болсон зүйл юм шүү дээ, уг нь. Цээрлэх, тахих зэргээр байгалиа хамгаалж ирсэн уламжлалт зан заншлаа  сэргээж эхэлсэн. Нийгмийн шилжилтээр олон зүйл замбараагүй болж байсан ч нөгөө талдаа утга учрыг таних, уламжлал соёлоо сэргээх боломжуудыг нээлттэй болгосон.

Биологич мэргэжлийг эзэмшсэн нь ч бас ан, амьтан хамгаалах ажлыг ул суурьтайгаар хэрэгжүүлэхэд нөлөөлсөн байх?

Байгалийн тогтоц их сайхантай Увс аймгийн Ховд суманд би төрж өссөн. Алтайн салбар уулс болох Хархираа Түргэний  уулсын өвөр талд байдаг. Багаасаа л хөдөө морь малтай ноцолдож,  малаа хариулангаа байгалийн сайхныг харж биширч өссөн минь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх. Би арван жилд байхаасаа л байгаль шинжлэлийн хүн болох бодолтой байсан. Хамгийн анх хими биологийн хичээлийг заасан багш бол Дамжин гэдэг их мундаг  багш байсан. Зан төрх, биеэ авч яваа байдал, хичээл зааж байгаа нь их үлгэр жишээ сайхан санагддаг байсан.  Тэгээд л “биологийн багш болно” гэж боддог байлаа. Арван жилээ төгсөөд Зүүнбаянд гурван жил хугацаат  цэргийн алба хаасан.  Намайг халагдах жил хугацаат цэргийн алба хаагчдаас конкурс (Их, дээд сургуульд элсэлт) авах журам гарсан. Тэгээд Зүүнбаянд хими, биологиор шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.  Шалгалтдаа нэгээр гарч МУИС-ийн биологийн ангид таван жил сурч, энэ мэргэжлээ эзэмшсэн. Монгол улсын анхны их сургуульд боловсрол эзэмшсэн, амьтан хамгааллын талаар мэргэжлийн боловсон хүчний хувьд шинжлэх ухааны үндэстэйгээр ажиллах хүсэл, сонирхолтой байсан. Одоогийнхоор амбицтай гэх юм уу.

Монгол улс эдийн засаг, нийгмийн шилжилтийн үед хүмүүс амьдралаа авч явахын тулд эс хүссэн ч байгалийн нөөц, баялаг руугаа л дайрч байсан талаар сонсож байсан. Тийм үед шийдэл хайж эхэлсэн байх нээ?

Яг үнэн. Ан амьтан хамгаалах ажил эрхлэх гол шалтгаан ердөө тэр. Хятадын хил нээгдчихсэн  амьтны эд эрхтэн,  арьс, үс гээд бүгд л урагшаа түүхий эд болон урсаж байсан цаг. Ууланд явж байхад зүй бусаар хороосон амьтантай таарна. Сэтгэл эмзэглэмээр. Тэгээд мэргэжлийн дагуу амьтны тоо толгойг тогтоох, хамгаалах, амьтнаас гарч байгаа бугын эвэр, тарваганы арьс зэргийг зүй зохистой ашиглах, анчин хүмүүсийн туршлагыг судлах зэрэг ажлуудыг эхлүүлсэн.  Таван жилийн турш арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй сайхан хамт олныг бүрдүүлж ажилласан. Ийм үнэ цэнтэй амьтныг хамгаалъя, иргэдэд хууль, журам амьтны үнэ цэнийг ойлгуулъя  гэсэн хүсэл улам бүр нэмэгдсэн. Тэр байгууллагадаа таван жил ажиллахдаа их зүйлийг сурсан.

Товчоор бол Ирвэс хамгаалах төслөөр бүх талын оролцоо бэхжиж, байгаль хамгаалалд ахиц гаргасан туршлагуудыг бүтээсээр байна.

Байгалийн амьтан,  ургамлын нөөц тогтоох нь хамгаалалтай хэрхэн уялдаж байв?

Ирвэс хамгаалах төслийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлэхээр болсон тухай манай мэргэжил нэгт нөхөр  ирж хэлээд шалгуулахыг санал болгосон. Шалгалт өгсний маргааш л шууд  хөдөө судалгааны ажлаар явсан даа. Ингээд Ирвэс хамгаалах төслийн анхны биологич-мэргэжилтнээр 1997-2002 онуудад таван жил ажилласан. Энэ төслийн зорилго  бол Увс аймгийн Түргэн уул, Цагаан шувуут уул болон бусад газруудын  ирвэсийн тоо толгой, эзэмшил нутаг, идэш бологч амьтдын нөөц, тэдгээрт нөлөөлж байгаа сөрөг болон эерэг хүчин зүйлүүдийн талаар таван жилийн турш гадаад, дотоодын (АНУ, Япон, ОХУ) судлаачтай хамтран мэдээлэл цуглуулсан. Ингэж ажиллахдаа би амьтан судлалын олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны олон арга зүй, техник, технологи эзэмшсэн. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Монгол алтайн нуруунаас Өмнөговийн уулс хүртэлх   аймгуудын байгаль орчны салбарын албан хаагчдыг чадавхжуулах зорилт тавьж, би Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь зэрэг аймгуудын мэргэжилтнүүд, ОХУ-ын Тува улсын байгаль орчны ажилтнуудыг судалгааны орчин цагийн олон улсын хэмжээнд батлагдсан арга зүйд сургасан. Байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийг ашиглахын тулд эхлээд судалж нөөцийг тогтоох, экологийн тэнцвэрт байдал алдагдахааргүй түвшинд  ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар одоо хэрэгжиж байгаа байгаль хамгааллын бодлого хэрэгжих суурь бий болсон. Ашиглахын тулд нөөцөө тогтоох ёстой. Эндээс хамгаалах бодлого тодорхой болно.

Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр буй нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын ажил эндээс эхэлсэн үү?

Ирвэс болон түүний идэш бологч амьтад, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар цуглуулсан мэдээллийг гадаад, дотоодын судлаач нар боловсруулж, төслийг санхүүжүүлэгчид болон Монгол Улсын байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагад тайлан, зөвлөмж, дүгнэлт хүргүүлсэн. Зөвлөмждөө “Ирвэс болон тухайн нутгийн байгалийн тэнцвэрт байдлыг хангахад хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нутгийн иргэдийн байгаль хамгаалах идэвхийг өрнүүлэх, зохион байгуулалтад оруулах, өсвөр үеийнхнийг байгаль хамгаалах уламжлалт зан үйлд сургах нь илүү үр дүнтэй болно” гэж дүгнэж зөвлөсний дагуу хууль бус агнууртай тэмцэх “Ирвэс-1” баг, НҮБ-аас “Биологийн төрөл зүйлийг хамгаалах” төсөл, “Ирвэстэй нутгийн ирээдүй” зэрэг төслүүдийг үргэлжлүүлж хэрэгжүүлсэн. Мөн төр болон бусад олон улсын төсөл,  хөтөлбөрүүд нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Ирвэсийн амьдрах орчин, идэш тэжээл бологч амьтдыг хамгаалах бодлого нь нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахтай уялдсан. Хүн төвтэй байгаль хамгааллын бодлого. Ирвэс амьдарч байгаа нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, уламжлалт зан үйлийг сэргээх, орлого олох боломжуудыг бий болгох зэрэг  санаачилгуудыг хөгжүүлсэн. Малчин эмэгтэйчүүдийг малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн хийх арга зүйд сургаж, хонины ноос сарлагийн хөөврөөр  бүтээгдэхүүн хийгээд дотоод, гадаадад (Америк)   дэлгүүр нээж  борлуулж, орлогыг нь малчин эмэгтэйчүүд шууд хүртэх ажил одоо болтол үргэлжилж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Ирвэс хамгаалах төсөл хэрэгжүүлснээр ямар сайн туршлага, мэдлэг чадварыг  бий болгосон гэж та бодож байна?

Олон сайхан туршлага, үзэл баримтлалыг  бий болгосон. Боловсон хүчин  бэлтгэх, байгаль хамгааллын үндэсний болон олон улсын чиг хандлагыг бүх  түвшинд ойлгуулах, нутгийн иргэд нутгийнхаа байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээснээр байгаль хамгааллын  тогтвортой байдлыг бий болгодгийг. Удирдлагын түвшинд олон сургалтыг зохион байгуулж гадаад улс руу  явуулж туршлага судлуулсан. Нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Олуулаа нийлж нэгдэж байгалиа хамгаалахад нутгийн  иргэдийг чиглүүлж өгсөн. Ерөнхий байгаль хамгаалал сэргэхэд Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслүүд хүний нөөцийг чадавхжуулах, нутгийн иргэдэд нөлөөлөх, орон нутгийн удирдлагуудад асуудлуудыг ойлгуулах, хөрш зэргэлдээ орнуудын байгаль хамгааллын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр оролцогч тал бүрийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтын туршлага бүтээсэн. Товчоор бол Ирвэс хамгаалах төслөөр бүх талын оролцоо бэхжиж, байгаль хамгаалалд ахиц гаргасан туршлагуудыг бүтээсээр байна. Мөн хүмүүсийн байгальд хандах хандлага эергээр өөрчлөгдсөн.

Төрийн албанд ажиллаж эхэлсэн тань хэзээ вэ?

2002 онд төрийн албан хаагч болсон. Хувийн хэвшилд болон Олон улсын байгууллагад ажиллаж хуримтлуулсан туршлагаа төрийн бодлого хэрэгжүүлэхэд хувь нэмэр болгохыг олон хүмүүс санал болгож байсан. Ингээд л шийдвэр гаргаад, шалгалтаа өгөөд төрийн албан хаагч болж, Увс нуурын ай савын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтнээр 10 жил ажиллаад, Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааг байгуулагдахад даргаар нь томилогдож 8 жил шахам ажилласан.

Төрийн болон Олон улсын байгууллагад  туршлага хуримтлуулсан таны байгаль хамгаалах бодлого цаашид хэрхэн сайжруулах хэрэгтэй вэ?

Байгалийн баялгийг урт хугацаанд тогтвортой ашиглах боломж буюу байгаль хамгаалах уламжлалтай л холбоотой.  Дэлхий нийтээрээ, Монгол Улс ч мөн адил байгаль орчны тогтвортой байдлыг бий болгох. Энийг яаж тогтвортой байлгаж өөрсдөө байгалиасаа ашиг хүртэж харилцан ашигтай байж болох вэ гэдэгт зорьж байна. Энэ бол нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал чухал. Нутгийн иргэдийн байгаль хамгаалах идэвхийг хууль дүрэм журамдаа нийцүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Төрийн бодлого хууль эрх зүйн орчныг нийгмийн хөгжилд нийцүүлэх шинэчилж байх. Байгаль хамгаалах хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгаа. Иргэддээ төрийн бодлогыг тайлбарлаж ойлгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлж бас чадавхжуулах хэрэгтэй. Асуудал бүрэн шийдэгдлээ гэж орхиж болохгүй. Бид нар байнга аймгийн төвөөс очиж харж хамгаалах нөхцөл хязгаарлагдмал.

Төр, иргэн хоёрын хамгийн үр дүнтэй ойлголцож ажиллаж байгаа сайн жишээнд байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа  сайн жишээ болдог.

Тийм. Байгалиа хамгаалангаа, тэндээсээ ашиг хүртэх зарчмаар ажиллаж байна. Манай нөхөрлөлүүд мэдлэг чадвараа дээшлүүлэх ажлаа зохион байгуулалттайгаар хийхэд одоо өөрсдөө санаачилга гаргах хэрэгтэй. Бид өнгөрсөн жил зургаан сумын 44 нөхөрлөлийн бодлогын баримт бичиг “Байгаль хамгаалах нөхөрлөлийн менежмент төлөвлөгөө”-г боловсруулж өгсөн. Өмнө нь нөхөрлөлүүдийн хариуцан хамгаалах газар нутаг тодорхой биш байсныг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран газар дээр нь очиж тусгай багажаар (GPS) тодорхойлж,   зураглал үйлдэж, цаасан дээр болон даавуун хэвлэж сумын ЗДТГ, нөхөрлөлийн ахлагч нарт өгсөн. Энэ зурган дээрх газрыг онцгой хамгаалах хэрэгтэй, эндээс энэ хүртэл танай газар гэдгийг нөхөрлөлийн гишүүдэд тайлбарлаж өгсөн. Бодлогын баримт бичигтээ таван жилийн зорилго, зорилтоо тодорхойлоод явж байгаа. Мөн төр болон олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрөөс  ямар тусламж дэмжлэгийг ямар хэлбэрээр авах, өөрсдөд нь ямар ашигтай гэх зэргээр хамтарч ажиллаж байна.

Уламжлал, ахуй соёл түүнд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ бий  болгох, зан заншлаа хадгалах, байгалиа хамгаалах хоёр огтлолцох цэг нь. Энэ бол цаашдын орон нутгийн хөгжлийн чиг хандлага байх болов уу.

Байгаль хамгаалал гэдэг Монголчуудын уламжлал, ёс заншилд бий. Уламжлал, ёс заншил, өнөөгийн байгаль хамгаалах бодлого хоёрын уулзах цэг нь? 

Монгол хүн байгальтайгаа зохицон амьдарч, шүтэж, дээдэлж ирсэн арвин их туршлагатай ард түмэн. Байгалиа хамгаалж байж сайн сайхан амьдран гэдэг үзэл  цусанд нь шингэсэн. Байгальд чинь эзэн байдаг. Цагаан өвгөн гэж байдаг. Цаг хугацаа, нас, хүйс, тоо хэмжээг хэтрүүлж, зүй бусаар  ан хийвэл малыг нь чоно идэх, гайгүй мал нь бэртэж гэмтэх, эрүүл мэндээр хохирох гэх мэт ертөнцийн бүхий л зүйлс хоорондоо холбоотой гэдгийг ойлгож ирсэн. Өмнө нь бид ирвэсийг хараадаг байсан бол одоо нутгийн иргэд харж хандаж байна. Мөн ирвэсийн идэш бологч амьтад   олноор өслөө. Эндээс байгалийн болон соёлын аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрдэж байна. Тиймээс дээр хэлээд байсан байгаль хамгаалах нөхөрлөлүүд улам чадавхжих, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх хэрэгтэй. Уламжлал, ахуй соёл түүнд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ бий  болгох, зан заншлаа хадгалах, байгалиа хамгаалах хоёр огтлолцох цэг нь. Энэ бол цаашдын орон нутгийн хөгжлийн чиг хандлага байх болов уу.

Байгаль орчны салбарт урт хугацаанд ажиллахдаа юуг анзаарч, бусдад түгээх юмсан гэж бодогддог зүйл?

Байгалиа хамгаална гэдэг бол өөрийгөө, гэр бүлээ, цаашлаад улс эх орноо, эх дэлхийгээ хамгаалж байна гэсэн үг. Байгалиа зөв тань, мэд. Анзаар. Яагаад гэвэл байгаль бидэнд үнэнийг хэлж, ухаарал хайрлаж бас аз жаргал бэлэглэдэг.

"Хатан зоригийн үлгэр"-т хамтран ажиллаж, "Оршихуйн үндэс нь байгаль дэлхий" агуулгын хүрээнд өөрийн туршлага, мэдрэмжээ хуваалцсанд баярлалаа. аз жаргал хүсье

864   0
НИЙТЭЛСЭН: MyUvs