“Хатан зоригийн үлгэр”-ээс онцлох 20 санаа
ХАТАН- тууштай, хаттай
ЗОРИГ - тэсвэр, тэвчээр, чадавх
ҮЛГЭР - түүх, жишээ, дуурайлал
АМЬДРАЛД ИРСЭН БОЛОМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ, АЙДАС СОРИЛТОО ДАВЖ БҮТЭЭСЭН ХҮЧИРХЭГ ТҮҮХҮҮД
Аливаа асуудлын шийдлийг хүмүүсийн түүх, туршлагаар илэрхийлэн хуваалцдаг тус эвент гурав дахь дугаараа "Оршихуйн үндэс нь байгаль, эх дэлхий" агуулгаар зохион байгууллаа. “Хатан зоригийн үлгэр”-ээс онцлох 20 санааг хүргэж байна.
Даваатын Мөнхбат бол Увс аймгийн УЦУОША-д 33 дахь жилдээ ажиллаж буй инженер. Энэ хугацаанд сумын цаг уурын станцын ажиглагчаас Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан тушаал хүртэл 16 ажлын байранд ажиллаж туршлага хуримтлуулжээ. Хүний үйл ажиллагаа, байгальд хэрхэн нөлөөлдгийг Д.Мөнхбатын илтгэлээс онцлох таван санааг хүргэе.
#Нэг. Увс аймагт 1942 оноос Цаг уурын станцууд байгуулж эхэлсэн байна. 60 жилийн түүхтэй эл байгууллагын 32 жилд нь ажиллаж буй Даваатын Мөнхбат ажлын гараагаа Баруунтуруун сумаас эхэлжээ. Цаг уурын байгууллага үүсэж, хөгжсөнийг технологийн хувьд хоёр шат болгон авч үзвэл орчин цагийн ажиглалт, тооцооллын технологи нэвтэрч эхэлсэн нь 1990-ээд оноос хойш юм. 1993 онд Увс аймагт анхны компьютер Цаг уурын байгууллагад ирж, Д.Мөнхбат тэргүүтэй инженерүүд компьютер дээр ажиллах болжээ.
#Хоёр. Монголчууд эрт дээр үеэр нар, салхи, амьтан, ургамлыг ажиглан өнөө маргааш хийгээд улирал, жилийн байдлыг шинжиж ажил ахуйгаа төлөвлөдөг байсан. Цаг уурын байгууллага үүсэн хөгжсөнөөр Увс аймгийн нэг суманд ажиллаж буй цаг уурын ажиглагчийн мэдээлэл дэлхий өнцөг булан бүрд ажиллаж буй цаг уурчийн мэдээлэлтэй нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг тооцоолон харуулахад хувь нэмрээ оруулж байна. Цаг уурчдын цуглуулсан дата мэдээлэл хүмүүсийн өдөр тутмын амьдрал ахуйд хэрэглэгдэхээс гадна ирээдүйгээ баримжаалах үнэ цэнтэй мэдээллийг бий болгодог.
#Гурав. 1950-аад оноос дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, дулаарал эрчимтэй явагдаж байна. Дэлхийн цаг уурын байгууллагын гаргасан тайлангаас харахад дунджаар 1.2 хэмээр дулаарсан бол Монгол Улсын хувьд нэг хэмээр илүү байна. Увс аймгийн сүүлийн 60 жилийн дүнгээс харахад гурван хэмээр нэмэгджээ. Тодруулбал 60 жилийн өмнө гуравдугаар сарын сүүл гэхэд -4 орчим хэмтэй байдаг байсан бол сүүлийн жилүүдэд -1 хэм болоод байна.
#Дөрөв. Дэлхийн дулаарлыг анзаарч харах хамгийн ойрын жишээ бол мөнх цасны хайлах үйл явц. Д.Мөнхбат инженер 2013 онд аймгийн УЦУОШТ-ийн даргаар ажиллаж байхдаа мөнх цасны хайлах эрчмийг судлах багт ажиллажээ. Хархираа голын эх буюу зүүн Түргэний 3300 метрийн өндөрт мөстлөгийн цэгт судалгааны багажаа байрлуулан гурван жилийн турш ажиглахад жил бүр 1,5-2 метрээр нимгэрч байна гэсэн судалгаа гарч, энэ эрчээрээ хайлсаар байвал 2050 он гэхэд мөнх цас хайлж дуусна гэсэн тооцооллыг гаргаж ирсэн.
#Тав. Уур амьсгалын өөрчлөлт нь бидний амьдралд нөлөөлөхгүй, биднээс хол гэж хандаж болохгүй. Өнөөдөр элбэг дэлбэг урсаж, газар тариаланг усаар тэтгэж буй мөнх цасны ус 20-иод жилийн дараа тасрах болох нь. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт, дулаарлыг сааруулах энгийн дадлыг амьдрал, ажилдаа хэвшүүлэхийг уриалсан. Яагаад гэвэл бид нэг дэлхийд амьдарч, нэг л агаараар амьсгалдаг.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйл, онош зүйн тасгийн эрхлэгч, эмгэг судлаач эмч Батнасангийн Баттүвшин. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол эргээд хүний ажил ахуй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг өөрийн ажил мэргэжлийн хүрээнд хийсэн ажиглалтаараа илэрхийлсэн. “Ээжийгээ шүтдэг шигээ эх дэлхийгээ энэр” гэсэн агуулгыг илэрхийлэх түүний илтгэлээс онцлох таван санааг хуваалцъя.
#Нэг. Би эмч болохоосоо өмнө малчин байлаа. Сургуулиа төгсөөд эмээтэйгээ мал дээр гарсан. Эмээ маань “Гал тэтгэх модны үртэс бүү хая, ходоод тэтгэх хоол битгий хая” гэж сургасан. Энэ бол харамч хатуудаа биш алив бүхэн хэмжээ хязгаартай байхдаа илүү зохистойг ухааруулсан үг. Хүрээлэн буй орчны хувьсал бол бидний байгальд үзүүлж буй үйлдлийн хариу үйлдэл нь.
#Хоёр. Би эмгэг судлаач эмч. Монгол Улсын хэмжээнд 80, Увсад ганцхан байдаг эмгэг судлаач. Ер нь хэмжээ нь хэтэрсэн бүхэн хохирол дагуулдаг гэдгийг би энэ мэргэжлээрээ ажиллаж эхлээд улам ойлгосон. Хүмүүс бидний мэргэжлээс айж цэрвэдэг. Угтаа бидний ажлаас биш биеэ эмгэгшүүлж буй хорт зуршил, буруу зан үйлээсээ цэрвэх хэрэгтэй.
#Гурав. Сүүлийн жилүүдэд манай аймгийнханд элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хавдар зонхилон тохиолдох болсон. Үнэн хэрэгтээ эсийн замбараагүй өсөлт, үржил нь хавдар тусах, ургах эмгэгийг үүсгэдэг. Энэ бол анагаахын хэл. Эс яагаад өсөхөд хүрэв гэдэг бол бидний дадал, зан үйлтэй шууд холбогддог.
#Дөрөв. Мэдээж хавдар үүсэх суурь шалтгаан олон ч хүрээлэн буй орчны бохирдол, хорт зуршил, буруу дадал, зан үйлээс ихээхэн хамааралтай. Хуванцрын буруу хэрэглээ, агаарын бохирдол гэх мэтээр. Өвчин хүнийг олж ирдэггүй, хүн л өвчнөө хайж олдог.
#Тав. Тиймээс хүрээлэн буй орчны хувьслыг анзаарч, эрүүл, ээлтэй зан үйлийг эрхэмлэж чадваас элдэв өвчнөөс ангид байж чадна. Сайн үйл сайн хариу үйлийг л бүтээнэ.
Оршихуйн үндэс болсон байгаль эх дэлхийгээ хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Монгол Улсын дархан хилийг хамгаалж буй хилчдийн байгаль орчин хамгаалах оруулж буй хувь нэмрийг Хилийн 0245-р ангийн захирагч, хурандаа Доржийн Амарсанаа танилцуулсан. Хурандаа Д.Амарсанаагийн илтгэлээс онцлох таван санааг сонирхуулъя.
#Нэг. Дорноговийн Хатанбулагийн заставд сонсогчоор дадлагажиж байх үед нь Заставын дарга н.Сэр-Од гэдэг хошууч заставын ойролцоо байх хэдэн аргальд өвөл зунгүй л өвс, ус дөхүүлж өгч харж ханддаг байсан байна. Байгаль, ан амьтныг хилчин хүн хайрлан энэрэхийн чухлыг тусгаж авчээ. Хаана очсон ч амьтан ургамлыг анзаарч, хамгаалах ажлыг хийх болсон.
#Хоёр. Хилчин хүн өглөөний нар мандахыг бусдаас түрүүлэн харж, хилийн зурваст ширхэг чулуу хөдөлснийг анзааран сэрэмжилдэг бахархмаар албатай. Ихэнх хүмүүс ургах нарыг харах гэж бензин тос зарцуулан зорьдог бол бид өглөө бүр хардаг. Алба гүйцэтгээд хилийн өндөрлөгт хоносон цэрэг нар мандахыг анх хараад самсаа нь шархирдаг. Үнэхээр омогшмоор алба.
#Гурав. Хүнээс хол оршдог ховор ан амьтад хүртэл бидэнтэй ижил дасал болсон байдаг. Бөхмөрөн сумын Ямаат уулын аргалиуд хилчин биднээс үргэдэггүй. Хилчид бол сайн дурын байгаль хамгаалагч.
#Дөрөв. 2017 онд шинэчлэн баталсан хуульд Хилийн аюулгүй байдлыг хамгаална гэдэг нь гаднаас орж ирэх аюултай бүх нөхцөл байдал, хил орчмын ард иргэдийн аюулгүй байдал, тэдний эд хөрөнгө мал, байгалийн ан амьтан, ус, ургамлыг хамгаалж хилийн аюулгүй байдлыг хангана гэсэн агуулгыг тодотгож өгсөн байна.
#Тав. Хэдийгээр хуулийг хэрэгжүүлж ажиллах нь үүрэг боловч утга учиртай зорилготой холбож өгснөөр илүү үр дүнтэй болдог. Тиймээс бид байгаль хамгаалах чиглэлийн ажлуудыг ангийнхаа хэмжээнд ажил, аж ахуй, нийгмийн баталгаатайгаа уялдуулан хийдэг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд бид нэгдэж 10 мянга гаруй чацарганын мод ургуулахаар ажиллаж байна.
Байгаль нөөцийг ашиглах нь түүнийг хамгаалахтай салшгүй холбоотой болохыг Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Бодлогын албаны дарга Бат-Очирын Буянцог эрхэлсэн ажил, туршлагадаа тулгуурлан гаргаж танилцуулав. Түүний илтгэлээс онцлох таван санааг хүргэе.
#Нэг. 1993, 94 он. Хятадын хил нээгдчихсэн амьтны эд эрхтэн, арьс, үс гээд бүгд л урагшаа түүхий эд болон урсаж байсан цаг. Ууланд явж байхад зүй бусаар хороосон амьтантай таарна. Сэтгэл эмзэглэмээр.
#Хоёр. Нийгмийн шилжилтээр олон зүйл замбараагүй болж байсан ч нөгөө талдаа утга учрыг таних, уламжлал соёлоо сэргээх боломжуудыг нээлттэй болгосон. Ан амьтан хамгаалах, зүй зохистой ашиглах чиглэлийн ажлууд орхигдож байсныг эхлүүлж анчдын туршлага судлах, байгаль, ан амьтантай харилцаж ирсэн уламжлалаа сэргээх оролдлогууд эхэлсэн. Тэр үед Дэлхийн байгаль хамгаалах сангийн төсөл Увсад хэрэгжих болсон.
#Гурав. Увс аймгийн Түргэн уул, Цагаан шувуут уул болон бусад газруудын ирвэсийн тоо толгой, эзэмшил нутаг, идэш бологч амьтдын нөөц, тэдгээрт нөлөөлж байгаа сөрөг болон эерэг хүчин зүйлүүдийн талаар таван жилийн турш гадаад, дотоодын (АНУ, Япон, ОХУ) судлаачтай хамтран мэдээлэл цуглуулсан. Ингэж ажиллахдаа би амьтан судлалын олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны олон арга зүй, техник, технологи эзэмшсэн.
#Дөрөв. Ирвэсийн амьдрах орчин, идэш тэжээл бологч амьтдыг хамгаалах бодлого нь нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахтай уялдсан. Хүн төвтэй байгаль хамгааллын бодлого. Ирвэс амьдарч байгаа нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, уламжлалт зан үйлийг сэргээх, орлого олох боломжуудыг бий болгох зэрэг санаачилгуудыг хөгжүүлсэн.
#Тав. Байгалиа хамгаална гэдэг бол өөрийгөө, гэр бүлээ, цаашлаад улс эх орноо, эх дэлхийгээ хамгаалж байна гэсэн үг. Байгалиа зөв тань, мэд. Анзаар. Яагаад гэвэл байгаль бидэнд үнэнийг хэлж, ухаарал хайрлаж бас аз жаргал бэлэглэдэг.
“Хатан зоригийн үлгэр” эвэнтийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.