Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2022-05-03

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлэн үү?

Энэ оноос  элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг 2 удаа 6, 12 сард зохион байгуулна. Монгол улсын хэмжээнд нийт 33053 суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна.

Үүнээс эрэгтэй 14959, эрэгтэй, 18094  эмэгтэй байгаагаас Увс аймагт 993 төгсөгч байна. Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia аппликейшнээс хэвлэж авна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх myfuture.mn цахим хуудсыг ашиглан өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ авч болох юм.  Шалгуулагчид “EEC” аппликейшнийг ашиглан өөрийн хувийн мэдээлэл болон ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн бэлдэж байгаа талаар Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Ширэндэвийн Одонцэцэгтэй ярилцлаа.

Ш.Одонцэцэг: Шалгалтад бэлдэх ном, сурах бичиг олдоцгүй, цахимаас л мэдээлэл авч байна

Шалгалтад бэлтгэхэд бас нэг тулгамддаг асуудал бол ном, сурах бичгүүд олдоц муу байдаг.  Мөн бидний хувьд хоёр жил хөл хоринд байсан болохоор хичээл хоцрогдол ихтэй. Илүү илүү шаргуу бэлдэх хэрэгтэй.

Сайн байна уу? шалгалтад хэрхэн бэлдэж байна вэ?

Сайн байцгаан уу? Би нийгэм, монгол хэлний хичээл сонгосон. Хувцас дизайнер болох мөрөөдөлтэй. Хар зургаар ур чадварын шалгалт бас өгнө. Өглөө таван цагаас  босож хичээлээ уншдаг.  Хичээлүүдээ сурах бичгүүд, нэмэлт материалуудыг  ашиглаад бэлдэж байна. Багш нар сонгосон хичээлүүдээр нэмэлт давтлага өгдөг.

Хичээл сонголтоо хаанаас зөвлөгөө мэдээлэл авч хийсэн вэ?

Энэ талаар мэдээллийг цахим орчноос өөрөө эрж хайж олж авдаг.  Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх талаар бичлэгүүдийг их үзсэн.  Цахим орчноос авах хэрэгтэй мэдээлэл их байдаг.  Хэрэггүй мэдээлэл ч байдаг. Авахын аваад хаяхын хаядаг.  Би өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу мэргэжлээ сонгосон. Гэр бүлийнхэн маань намайг маш их дэмждэг. Гэр бүл, найз нөхдийнхөө нөлөөлөлд авталгүй өөрийгөө сонсож сонголт хийх нь тухайн хүүхдийг илүү их амжилтад хөтөлдөг гэж боддог.

Шалгалтад бэлдэхэд тулгамдаж буй асуудлууд байдаг уу?

Асуудлууд байдаг. Ер нь л мэргэжил сонголт, шалгалтад бэлтгэх талаар мэдээлэл зөвлөгөөг 10 дугаар ангиас нь эхлээд өгөх хэрэгтэй гэж боддог. Бидэнд зориулсан сургалт мэдээлэл байдаггүй. Цахим орчин л бидний мэдээлэл авдаг гол зүйл. Шалгалтад бэлтгэхэд бас нэг тулгамддаг асуудал бол ном, сурах бичгүүд олдоц муу байдаг. Дүү нараасаа 2-3 хонгоор авч хэрэглэдэг. Мөн бидний хувьд хоёр жил хөл хоринд байсан болохоор хичээл хоцрогдол ихтэй. Илүү илүү шаргуу бэлдэх хэрэгтэй.

ЭЕШ-д бэлдэх талаар үеийнхэндээ өөрийнхөө зүгээс зөвлөвөл?

Миний хувьд цагийн хуваарь гарган бэлдэж байна. Ингэснээр цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Унтах цагтаа унтаж, сайн амарч байж хичээлээ хийгээрэй. Хэтэрхий орой болтол битгий суугаарай. Хүн бүрийн арга барил өөр учраас өөртөө тохирсон арга барилаа олж аваарай. Үлдсэн нэг сарын хугацаандаа илүү үр дүнтэй хичээллэж зорьсон сургуулиа аваарай. Бүгдэд нь амжилт хүсье. Хичээгээрэй.

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын талаар Увс аймгийн боловсролын газрын Статистик, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц. Эрдэнэбаатараас тодруулахад:

Увс аймгийн хэмжээнд энэ жил 1046 төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Өмнөх оны 157 төгсөгч бүртгүүлсэн. Энэ жилийн онцлог нь Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа авахаар болсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд Монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулсан. Энэхүү шалгалтад тэнцээгүй эсвэл хүндэтгэн үзэх шалтгаанаар орж чадаагүй шалгуулагчид дараагийн шалгалтад орж оноогоо дээшлүүлэх боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалтын аймгийн нэгдсэн сорилгыг 2022 оны тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Улаангом сумын 1-р цогцолбор, 2-р цогцолбор, ерөнхий боловсролын 3, 4, 6-р сургуульд зохион байгуулна. Сорилгод 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн Увс аймгийн ерөнхий боловсролын  сургуулийн 12-р ангийн суралцагчид хамрагдах бөгөөд шууд засалт  хийж дүн оноог танилцуулах, шалгалтын даалгаврын анализыг багш нарт танилцуулж, сургалт зохион байгуулна” гэв.

Элсэлтийн ерөнхий шалгалтад үр дүнтэй ТАВАН арга

 

398   0
НИЙТЭЛСЭН: Ууганцэцэг