Лхагва 2019-01-02 Улаангом
Гэрлээ асаая   2022-06-17

Хүний эрх, жендэрийн чиглэлээр “Өсвөрийн дэмжих” бүлэг ажиллана

“Бидний санамсаргүй хийсэн, хэлсэн үг хэн нэгнийг гомдоож, сэтгэл зүйг нь гэмтээж байдгийг ойлгосон учраас цаашид хичээж, мэдрэмжтэй байхад суралцлаа” хэмээн Улаангом сумын 4-р ахлах сургуулийн сурагч ярилаа.

Сурагч Т.Зулаа "Жендэрийн мэдрэмжтэй сэтгэл зүйн боловсрол" олгох дэмжих бүлгийн сургалтад сууснаар өөрийгөө танин мэдэж, бусдыг ойлгож сургууль, гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө зөв илэрхийлэхэд суралцсандаа баяртай байлаа.

Мөн сургуулийн сурагч Д.Жавхлантөгс эрэгтэй эмэгтэй хүн тийм байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтод дасан зохицох нь хортой. Жендерийн хэвшмэл ойлголт нь даамжирсаар ялгаварлал, цаашлаад гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаануудын нэг болдог тухай сургалтаас мэдэж авснаа хуваалцсан юм.

"Жендэрийн мэдрэмжтэй сэтгэл зүйн боловсрол" олгох дэмжих бүлгийн сургалт Увс аймгийн төвийн нэг, хоёрдугаар цогцолбор, гуравдугаар ахлах сургууль, Улаангом политехник коллежийн таван бүлгийн 100 сурагч хамрагдсан.  Өсвөр насны охид, хөвгүүдийг хүний эрх, жендэрийн чиглэлээр боловсрол, мэдлэг олгосноор жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байгаа юм байна.

            Дэмжих бүлгийн сургалтыг Монгол-Өрх сэтгэлзүйн хүрээлэнгээс бэлтгэсэн сургагчид удирдан чиглүүлж буй бөгөөд Улаангомд сургалт зохион байгуулсан чиглүүлэгч Будбаяр “Сургалтад хамрагдсан өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сургалтад сурагчид маш идэвхтэй оролцлоо.  жендэрийн мэдрэмжтэй эерэг харилцаанд суралцах нь тэдэнд маш сонирхолтой сэдэв байлаа. Өсвөр насныхны дунд байдаг үе тэнгийн дээрэлхлээс эхлээд олон асуудлыг удирдах, хариу үйлдэл үзүүлэхэд тус болно гэдэгт итгэж байна. Хамгийн нь гол нь хүчирхийллийг үл тэвчих хандлага, мэдлэгийг эргэн тойрондоо түгээх эрмэлзэлтэй болоход нөлөөлж чадсан гэж итгэж байна.” хэмээн сургалтын үр дүнг дүгнэсэн.

Нэг дэмжих бүлэг бүрд хорин хүүхэд хамрагдаж буй бөгөөд хүйсийн харилцааг тэнцүү байлгаж, охид хөвгүүд хүчирхийллийн эсрэг ижил оролцоотой байлгахад анхаарчээ. Жендэрийн мэдрэмжтэй харилцааны ур чадварт суралцсан өсвөр насныхны дэмжих бүлэг цаашид клубийн зарчмаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах юм байна.

Дэмжих бүлгийн үйл ажиллагааг нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банкнаас Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “G9198-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлэгч байгууллагаар Хэвлэлийн Хүрээлэн, Монгол Өрх сэтгэл зүйн хүрээлэн хамтран ажиллаж байна.

 

304   0
НИЙТЭЛСЭН: MyUvs