Фемтек: Эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэх боломж олж харсан хүн бүрд нээлттэй
Сарын тэмдэг ирэх, жирэмслэх, хүүхэд тээж, төрүүлэх, цэвэрших. Эдгээрээс хамааралтай дааврын өөрчлөлтүүд эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд бүхий л цаг үед нөлөөлсөөр ирсэн. Нөхөн үржихүйн эл ялгаа нь эмэгтэйчүүд карьераа ахиулах, орлогоо нэмэгдүүлэх, манлайлахын тулд илүү тэвчээр, хичээл зүтгэл, цаг хугацаа зарцуулахыг шаарддаг.
Эмэгтэйчүүдийн бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэнд, цаашлаад нийгэмд эзлэх байр суурьтай холбоотой асуудлуудыг цогцоор нь, технологийн тусламжтайгаар шийдэх боломж улам бүр нэмэгдэж байна. Ийм шийдэлд төвлөрдөг салбарыг Фемтек /Female+technology/ хэмээн нэрлэх болжээ. Фемтекийн зах зээл нь сарын тэмдэг, жирэмсний хяналт, төрсний дараах үеийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэргээс олсон орлогоос бүрдэж байна. Сарын тэмдгийн мөчлөгийг хянах Clue апп-ийн үүсгэн байгуулагч Ида Тин “Femtech” гэдэг нэр томьёог бий болгосон нь өнөөдөр 37.9 тэрбум долларын зэх зээл бүхий “Фемтек-экосистем”-ийг бүрдүүлжээ.
Монголын фемтек энтрепренер Б.Манд
Үүсэл хөгжил нь нэн шинэ ч хурдацтай хөгжиж буй энэ салбарын суурийг Монголд анх тавьсан энтрепренер бол Б.Манд. Түүний хамтран үүсгэн байгуулсан “Фемтек Солюшн” компани “Hello baby” Жирэмсэн эхийн хөтөч, хүүхэд хөгжлийн аппликейшнүүдийг хөгжүүлж байна. “Hello baby” aпп өнөөдөр 200 мянган хэрэглэгчтэй болжээ. Жирэмсэлж, хүүхдээ тээж, төрүүлж буй 10 эмэгтэй тутмын ес нь тус бүтээгдэхүүний хэрэглэгч гэсэн үг.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд туслах үнэ цэнтэй, зөв мэдээлэл хомс байдлаас үүдэн Фэйсбүүкийн группүүдээр хуваалцаж буй мэдээллүүдэд хөтлөгдөж, сургаар эмчлэх нь хүндрэлтэй тээж, төрөх, цаашлаад эх, ураг эндэх хүртэл эрсдэл дагуулдаг. Яг энэ чиглэлийн мэдээллүүд гадаад хэл дээр маш өргөн, олдоцтой. Гэхдээ хэлний бэрхшээлээс үүдэн жирэмсэн эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь ашиглаж чадахгүй. Тиймээс төрөлх Монгол хэлээрээ жирэмсэн эх, түүний гэр бүл зөв, чанартай мэдээллийг зөв цагтаа авч, зөв шийдвэр гаргахад тусалдаг гар утасны “Hello baby” апп-ыг бүтээх санаагаа Б.Манд 2018 онд олжээ.
Хүүхдээ зургаан сартай болсны дараа Б.Манд жирэмсэн ээжүүдэд туслах апп бүтээхээр шамдаж, дүүргийн эмнэлгүүд, эмч нар, жирэмсэн ээжүүдтэй уулзан судалж эхэлсэн байна. Ингээд явж байхад “Зөв мэдээллийг, зөв цагт нь авсан бол...” гэсэн харуусал тээсэн ээжүүд, “Үгүй ядаж л Фолийн хүчил гэдэг витаминыг зөвлөсөн цагт уучихдаг бол” гэсэн эмч нарын эмзэглэл нь технологийн тусламжтайгаар шийдэх боломжийн талаарх анхны санааг нь улам баталж өгчээ. Гэхдээ...
1000 хэрэглэгчтэй болоод хүрээд ирээрэй!
Санаагаа хэрхэн стартап болгох вэ? Бизнесийн удирдлагаар бакалавраа хамгаалж, эдийн засгаар мэргэшсэн түүнд технологи маш хол салбар учраас судлах, суралцах зүйл ч их.
2019 оны 12-р сард Сөүлд болсон стартап фестивальд оролцсон нь түүний хувьд эргэлтийн цэг байлаа. Дийлэнх нь гадны хөрөнгө оруулагчид суусан танхимд санаагаа танилцуулах үед бүх зүйл сорилт байсныг Б.Манд ийнхүү ярилаа. “Англи хэлээр олон удаа илтгэл тавьж байсан ч тавхан минутад хөрөнгө оруулагчдад зориулж төслөө танилцуулах, бүр олон улсын томоохон арга хэмжээн дээр хөрөнгө босгохоор ярьж байгаа минь анхных” хэмээн тэрбээр хэлээд, “1000 хэрэглэгчтэй болоод хүрээд ирээрэй” гэсэн хариу авснаа дурсав. Энэ үг хөрөнгө оруулалт босгоод ирэх түүний дэврүүн мөрөөдлийг газарт буулгаж, олон зүйлийг орхигдуулж байгааг нь ойлгуулжээ. “Ядаж 1000 хэрэглэгчтэй болсны дараа хөрөнгө оруулагчид анзаарч, итгэл өгөх хэмжээнд хүрнэ буюу хийгээд харуулаач гэсэн зөвлөгөө байсан” хэмээн Б.Манд хэлсэн.
Б.Манд: Солонгосын стартап фестивалиас авсан “ядаж 1000 хэрэглэгч” гэсэн босгыг бид апп бэлэн болоход л биелүүлчихсэн байлаа
Эргэж ирээд Б.Манд “М-Office”-т ширээ түрээслэн сууж, томоохон сургуулиудын хичээлүүдийг онлайнаар судалж, технологийн стартапын үүсгэн байгуулагч нарыг бойжуулах хурдасгуур хөтөлбөрүүдэд хамрагджээ. Энэ бүхэнтэйгээ зэрэгцүүлэн мобайл апп-ынхаа зургийг гаргаж, цэс, хэрэгслүүдийг туршиж, агуулга, загвараа нягталж сайжруулсаар байлаа. Энэ бүхэнд шаардлагатай зардлыг гэр бүлийнхээ хадгаламжаас гаргаж байв. Б.Манд энэ тухайгаа “Нөхөр маань надад санаагаа туршиж, хэрэгжүүлэх хоёр жилийн хугацаа өгсөн. Дараа нь тэгэх байсан юм. Түүнийг нэг хийсэн бол гэж харамсаж үлдэхгүйгээр санаснаа хийх хугацаа, боломж ингэж бүрдсэн” гэлээ. Үүнээс таван сарын дараа мобайл апп бэлэн болсон нь “Сайн уу үр минь” нэртэй байв. Гэвч зөвхөн Монголд биш, олон улсын зах зээлд гаргах зорилготойгоор “Hello baby” гэж нэрлэжээ. “Нөгөө Солонгосын стартап фестивалиас авсан “ядаж 1000 хэрэглэгч” гэсэн босгыг бид апп бэлэн болоход л биелүүлчихсэн байлаа” хэмээн Б.Манд хэлсэн.
Хоёр зурааснаас хоёр нас хүртэл хүүхдээ асрахад үнэн зөв мэдээлэл, зөвлөгөөгөөр туслах “Hello baby”, Жирэмсэн эхийн хөтөч, хүүхэд хөгжлийн аппликейшнүүд ийнхүү бүтжээ. Тун удахгүй охид, эмэгтэйчүүд насан туршдаа хэрэглэх цогц бүтээгдэхүүн болгохоор Б.Мандын багийнхан ажиллаж байгаа юм байна.
Б.Манд: Технологийн бүтээгдэхүүний нийгэмд үзүүлэх үр өгөөж нь маш өндөр байдаг. Зөвхөн өөрийн бүтээгдэхүүнээр жишээлэн хэлэхэд бид цаашдаа хэрэглэгчийн эрүүл мэндийн дадалд тулгуурласан урьдчилан сэргийлэх чиглэлийн зөвлөгөөг технологи ашиглан нарийвчлан гаргах боломж бүрдэнэ.
ФемТекийн ирээдүй
“Femtech Analytics”-ийн судалгаагаар зах зээлийн өсөлт цаашдаа тогтвортой нэмэгдэх бөгөөд 2030 он гэхэд 97.3 тэрбум долларт хүрнэ хэмээн таамаглажээ (Графикаас харна уу).
Хөрөнгө оруулалт, зах зээлийн хувьд өсөлттэй өөдрөг ирээдүй харагдаж байна. Гэхдээ ашигтай гэхээсээ илүү хэрэглэгчдэд өгч буй үнэ цэн нь энэ салбарыг хурдацтай хөгжихөд нөлөөлж буйг Б.Манд онцолсон. “Технологийн бүтээгдэхүүний нийгэмд үзүүлэх үр өгөөж нь маш өндөр байдаг. Зөвхөн өөрийн бүтээгдэхүүнээр жишээлэн хэлэхэд бид цаашдаа хэрэглэгчийн эрүүл мэндийн дадалд тулгуурласан урьдчилан сэргийлэх чиглэлийн зөвлөгөөг технологи ашиглан нарийвчлан гаргах боломж бүрдэнэ. Түүнчлэн хэрэглэгчийн эрүүл мэндийн боловсрол сайжирснаар амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулдаг. Иймээс л технологийн бизнесийн нийгмийн үнэ цэн өндөр” хэмээн тэрбээр хэлсэн.
Энэ зах зээл эмэгтэйчүүдийн бие махбод болон сэтгэлийн эрүүл мэндэд тулгарч буй асуудлыг технологиор шийдэх боломжийг олж харсан хэн бүхэнд нээлттэй Б.Манд онцлоод, “Хэрвээ та энэ салбарт хүч сорихоор шийдсэн бол зоригтой байгаарай. Технологи эмэгтэйчүүдээс хол гэсэн хэвшмэл ойлголтоос ангижрах хэрэгтэй. Мэдээж хамгийн чухал нь гадаад хэлний мэдлэг. Ялангуяа англи хэл. Хэлтэй л бол томоохон сургуулиудын мастер класс хөтөлбөрүүд бүгд нээлттэй байдаг юм билээ” хэмээн зөвлөв. Мөн тэрээр “Founder’s Intstitute” “Techstars” “She Loves Tech” зэрэг стартaпуудыг бойжуулагч дэлхийн шилдэг хурдасгуур хөтөлбөрүүдийг 2021, 2022 онуудад дүүргэж, хурдтай хувьсаж буй дэлхийн технологийн хөгжилтэй Монголыг төлөөлөн, эн зэрэгцэн алхаж байна.
Дижитал технологи эзэмшсэн хэн бүхэнд давуу боломж, өрсөлдөх чадвар, орлого, бүтээмж дагуулсаар. Хамгийн чухал нь, эмэгтэйчүүд амьдралын чанараа сайжруулахад технологи ашиглаж, нийгэмдээ үнэ цэн өгч буйг Монголын фемтек энтрепренер Б.Мандын түүх харуулж байна.