Лхагва 2019-01-02 Улаангом
fact-checking   2020-07-31

Нийгмийн сурвалжилга №2

    Машины замаар алхаж буй хүмүүсийг харан аминдаа хайргүй юм хэмээн дотроо битүүхэн бодол болон машинтай өнгөрөв. Захын урд машин, явган зорчигчид түгжирсэн буйг харах нь нэг л ёозгүй. Явган зорчигчийн замгүй тэд аанай л машинтай зэрэгцэн зорчицгоох аж. Хотын төвөөр ухсан шугамын хоолой Улаангомын энд тэнд. Ганц газар ч биш хоёр, гурван газар зэрэг зам хаасан нь, машины болон иргэдийн хөдөлгөөнд хохиролтой. Янзага дэлгүүрийн урд талаар хэдийн машинууд сүлжилдсээр сайжруулсан шороон зам бий болжээ. Хот дотор хөдөө нутгийн зам шиг бетонон болон шороон зам зэрэгцэн бий болсон нь энэ. Инээдтэй ч юм шиг энэхүү нөхцөл байдалд бухимдах нэгэн ч бий, сайшаах нэгэн ч бий. Энэ бол бүтээн байгуулалтын эхлэл. Хүн харж, сонсоход л бүтээн байгуулалтад зардлын мөнгө урсаж буй хэдий ч, нүдэн балай, чихэн дүлий мэт хаана, хэрхэн, юуг хийж байгааг иргэд дутуу дулимаг мэдэх шиг.

Улсын төсөв-дэд бүтэц

    Улсын төсвийн орон нутагт хуваарилсан зардлын мөнгөн дүнгээр Увс аймаг улсад хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүтээн байгуулалт, дэд бүтцээрээ 21 аймгийн 176 шалгуур үзүүлэлтээр харьцуулахад Увс аймаг долдугаарт жагсав. Гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан холболтыг шийдэх цогц ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн.  Энэхүү дэд бүтцийн ажилд 9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Гэсэн хэдий ч дэд бүтцийн найман ажлын гурвыг нь Улсын комисс хүлээн авсан. Үлдсэн ажлын хэсгийг наймдугаар сарын 15-ны дотор хүлээлгэж өгөх талаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Энхбаатар хэлэв.

Өнгөрсөн жилийн дэд бүтцийн ажлын үлдсэн хэсэг бий юу?

  • Янзага дэлгүүрийн урд хэсэг өнгөрсөн жилийн ажлын үлдэгдэл. Нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж, нягтруулж, хуучин хэвэнд нь оруулаад, сэтэлсэн замаа аспальтаар хучсаны дараа хяналт тавин, шаардлагын дагуу байвал хүлээж авна.

Үлдсэн хэсгийн ажлыг хэзээнээс эхэлж хийж эхэлсэн бэ?

  • Наадмын үеэр зам хаан, ухаж эхэлсэн. Бид яаралтай тэр ажлыг дуусгах албан шаардлагыг хүргүүлж, богино хугацаанд шуурхай ажиллуулсан юм.

Зам хаах талаарх мэдээллийг олон нийтэд урьдчилж мэдээлэх хэрэгтэй шүү дээ. Ямар мэдээллийн хэрэгслийг ашиглан түгээсэн бэ?

  • Дэглийцагаан ХХКий захирал Д.Жамсран захирал зам хаах талаар Замын цагдаад мэдэгдэх хэрэгтэй. Гэтэл мэдэгдэхгүйгээр зам хаасан асуудал гарсан.

Дэд бүтцийн ажлуудыг аль хэсгүүдээр хийх вэ?

  • Дөрөв, тав, зургаа, долоо, арваннэгдүгээр багуудад дэд бүтцийн ажлуудыг хийгээд эхэлчихсэн байгаа. Үлдсэн хэсгийн ажлыг хийх тендер зарлагдаад, компаниа сонгох хэсэгт явж байна. Энэ жилийн дэд бүтцийн ажил ерөнхийдөө эхлээгүй. Захын аюулгүйн тойргийн хэсэгт ухсан нүх бидэнтэй хамааралгүй. Манай байгууллагаас зөвшөөрөл аваагүй.

Хотын өнгө-Хотын мөрөөдөл

    Улаангом хотын А зэрэглэлийн бүсэд яндантай айл өчнөөн. Гэсэн хэдий ч энэ хэсэгт дулаанд холбогдоогүй айл, байгууллага, аж ахуйг холбох нь нөгөө л хотын өнгийг тодорхойлоход нэмэр. Хашаандаа тухтай, тайван амьдрах нь насаараа орон сууцны зээл төлснөөс илүү мэт. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх нь сумандаа сайхан амьдрахын эхлэл. Энэ бүхэн хотын мөрөөдлийн нэгээхэн хэсэг. Цэвэр бохирын шугам болон, дулааны шугам, мөн дэд бүтэц гэдэг утгаараа шилэн кабель зэрэг гурвалсан цогц ажлыг явуулж байна хэмээн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бат-Ерөөлт хэлсэн юм.

Дэд бүтцийн ажлын хамгийн том давуу тал юу вэ?

  • Миний хамгийн сайн мэдэж буй судалгаа бол гэр хорооллын айл өрхүүдийн хашаа, газар шугам тавьсан хэсгийн ханш гурав дахин өссөн. Зарим ашигтай зам дагуу байршилтай нь дөрөв, тав дахин өссөн байна. Одоо арваннэгдүгээр багт гэхэд л байшинтай хашаагаа 70 саяд зарна, хашаа байшингаа салгаад 30 саяд зарна гэх мэт. Хамгийн том үр өгөөж энэнд байгаа юм. Хэн ч эзэмшлийн газраа үнэ хүргэн зарах боломжтой.

Үе шаттайгаар үргэлжлэх ажил шүү дээ. Дараагийн хэсэг нь юу вэ?

  • Энэ төслийн нэгдүгээр шат буюу шугам тавих ажил одоо л явж байгаа юм. Одоо бол үндсэн магистрал шугам явж байгаа. Хоёрдугаар шатны энэ ажил нь ерөнхийдөө 2021 оноос эхэлж хийгдэх ёстой гэсэн үг. Бодит байдал дээр холбогдохыг хүссэн айлуудад мөнгө, төлбөрийн уян хатан нөхцөл хэрэгтэй. Энэ асуудалд төрийн оролцоот нэмэлт нөхцөл төлөвлөж байна. Азийн хөгжлийн банкны маш том төсөл манай аймагт хэрэгжихээр хоёр жилийн турш судалгаа хийсэн. Ерөнхийдөө судалгааны ажил нь дуусаад, бичиг баримт нь бүрдээд, УИХаар ороход бэлэн болсон байгаа. Улсын хэмжээнд дөрвөн аймагт хэрэгжинэ. Баян-Өлгий, Увс, Ховд, Дорноговь гэх аймгууд. Нэгдүгээр үе шат нь 200 сая долларын төсөл. Үүний хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь гэр хорооллын дэд бүтцийн асуудал. Энэ төслийн хүрээнд эхний ээлжинд зорилтот хэсэг гэж ажиллаад үр дүнгээ өгвөл дараагийн хэсгүүдэд төр хамтран ажиллах боломжтой гэсэн үг.

Шугамын ажил хийж дууссан зарим газруудад суулт өгсөн нь гүйцэтгэгч компаний буруу юу?

  • Энэ сард орсон их борооны үеэр олон газар суулт өгсөн. Зарим бохирын шугам 89 метрийн гүнд булагдаж байгаа. Бохирын шугамыг бол нягтаршуулж, хүнд даацаар дарж болдоггүй. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжтэйгээр шат дараатайгаар зориулалтын аргаар нягтаршуулдаг. Тухайн ухсан газрын дагуу тодорхой хэмжээний шороо хайргаар овоолох ёстой. Гэтэл өнгөрсөн жилийн ажлаар иргэдээс ирсэн гомдол нь тухайн байгууллага нь шороо овоолчихлоо, шороогоо авахгүй байна аа гэсэн. Гомдлын дагуу шороог авснаас үүдэн суулт өгсөн.

Төр-хувийн хэвшил-хамтын ажиллагаа

    Ковид-19 цар тахлын хүрээ дэлхий нийтийг гэлтгүй манай улсад ч ихээхэн өөрчлөлт авчирсан. Манай улсын дотоодын аялал жуулчлал огцом нэмэгдэжээ. Долдугаар сарын байдлаар Увс аймагт давхардсан тоогоор 23,4 мянган иргэн аялсан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлсэн. Аялагчдын хөлд дарагдсан завгүй долдугаар сард хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэгт түгжрэл үүсэн нь захын тойрог. Дээр ярьсан шиг л мөн л зам хаах талаарх мэдээлэлгүй. 30 хэмийн халуунд ундууцаж, уцаарласан хүмүүс түгжрэл дунд эгнэсэн харагдана. Хаанаас, хэн, нүх ухсан ажлууд хийгээд байгаа талаарх мэдээлэл дутмагаас цугласан иргэд ам уралдан Аймгийн захиргааг муулсаар. Арга ч үгүй биз. Нэг л өглөө босоод ирэхэд уул овоо шиг шороо овоолон, машины бүү хэл явган хүний ч замгүй болсон хойно. Энэ талаар Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бат-Ерөөлтөөс тодруулав.

Энэ жилийн дэд бүтцийн ажлын тендерийн шалгаруулалт дуусаагүй, ажил нь эхлээгүй.  Гэтэл захын аюулгүйн тойргийн орчимд шугам сүлжээний ажил хийж байна. Энэ ажил нь засвар уу, өргөтгөлийн ажил уу?

  • Захын урд хэсгийг Дулааны нэгдүгээр станцаас Д.Сурмаажав захиралтай хувийн хэвшлийн ухсан нүх. Өөрийн хэрэглэгчдийг хангадаг шугамаа засварлаж, шинэчилж буй ажил. Тэр хэсгийн замыг хаасан болохоор иргэдээс гомдол ихээхэн ирж байгаа. Дулаанаар хангаж буй компани хэрэглэгчийг хангах шугамаа шинэчилж байхад төрийн зүгээс эрх үүргийнхээ дагуу шаардлагыг тавина. Цаг хугацааны хувьд эхлүүлж болох зөв цаг биш байсан. Хувийн хэвшил өөрсдийн цаг хугацааны боломжид тулгуурлан хийж таарсан байх. Жишээлбэл, зах дотор тохижилтын ажил хийх шаардлагатай байсан юм. Гэвч төрийн ажилд саад учруулаад байна. Манай ажил дээр ч энэ талаарх бичиг ирээгүй.

Өөр нэг асуулт.

Аймгийн төвийн дэд бүтэц нь, хөгжлийн шийдэл, иргэдийн амьдралын тулгуур. Тиймдээ ч хүссэн хүн нь хотын төвд төвөггүйхэн зам хаах эрх мэдэлгүй л болов уу. Хэн нэгэнд бурууг өгөх бус нэгэнт л нийгмийн сайн сайхан, тухтай амьдрал, хөгжлийн төлөө явж буй цагт “хамтдаа хийх” гэсэн ойлголттой байж, иргэн, хувийн хэвшил, төр гурвын хамтралаар ажлын бүтээмжийг илүү дээшлүүлэх биз ээ.                   

825   0
НИЙТЭЛСЭН: Анужин