Лхагва 2019-01-02 Улаангом
Хүний түүх   2020-09-09

Ч.Чинболор: Үеийнхэн маань нэгнээсээ суралцаж чаддаг болоосой

    Ирээдүй гэдгийг бид хэзээ ч таамаглашгүй. Биднээс шалтгаалахгүй зарим зүйлс амьдралд гэнэтийн өөрчлөлт оруулдаг. Эсвэл өөрсдийн хийсэн ганц үйлдлээр цаашдын амьдралынхаа эхлэлийг тавих нь бий. Энэ жилийг үр бүтээлтэй өнгөрүүлнэ дээ хэмээн жилийн төлөвлөгөөгөө гаргасан ч ковид вирус гаран, биднийг зургаан сарын турш гэрийн хорионд оруулсан. Гэнэт л гэрийн хорионд орохоо ч бид мэдээгүй шүү дээ. Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн. Үүний адилаар хүнд эргэлтийн цэг амьдралд ганцхан удаа тохиодог хэмээн бодох нэгэн охинтой хуучлав. Хөл хорионы үеэр өөрийн хувь хүний хөгжилдөө илүү анхаарсан нь түүний эргэлтийн цэг байсан аж.

    Өөртөө итгэлтэй, цовоо дуутай нэгэн охин хаалгаар орж ирэхдээ мэндлэв. Түүний яриаг сонсох үед насандаа баймааргүй урам зориг тэмүүлэлтэй, төгсөх анги тул сургалтанд сууж, хичээлээ бэлдэж байгаа талаар хуваалцлаа.

    Манай эмээ эмч. Би бол эмээгийн хайртай хүүхэд. Бага байхаасаа эмээгээс эмчийн талаар сонсож өссөн. Халааднаас болж сонгоогүй. Миний бодлоор хүнд аз жаргал бэлэглэдэг юм шиг санагддаг. Аз жаргал гэдэг үг их чухал үг. Инээмсэглэх их дуртай болоод ч тэр юм уу хүнд инээмсэглэл бэлэглэдэг юм шиг санагдаж энэ мэргэжлийг сонгосон. Дунд ангиасаа хойш эмч болно гэж боддог байтал өөртэйгээ ажиллаад эхэлтэл эргэлзэж эхлэв. Өөрийгөө огт таниагүй байсан юм байна лээ. Би ярих дуртай юм байна, хүнд зөвлөгөө өгөх дуртай юм байна, гэтэл эмч гэдэг мэргэжил сонгох нь зөв үү гэж бодогдсон. Дараа нь бодлоо. Би эмнэлгийн салбарт ажиллахаас илүү хүчин зүтгэх гэж төржээ хэмээн мэдэрсэн.

Төгсөх ангидаа би мэргэжлээ сонгоогүй байсан. Үнэнээ л хэлье. Энэ талаар бодож ч байгаагүй. Үүнд сургалтын систем, нийгмийн ажилтан эсвэл мэргэжил сонгох ном гэх мэт зүйлсэд бурууг өгөхгүй. Зүгээр л юуг олон жил хийвэл амарч буй мэт ажиллах бол, би юунд дуртай вэ гэдгээ мэдээгүй байсан юм. Хүн өөрөө өөрийгөө танин гэдэг энэ хорвоогийн хамгийн хэцүү зүйл шиг санагддаг байлаа.

    Би өдөр, долоо хоногоор, сараар, жилээр төлөвлөдөг. Хөл хорионы үеэр ч би аз жаргалтайгаар өнгөрүүлсэн. Чөлөөт цагаараа ихэвчлэн гэртээ байлаа. Зорилгодоо хүрэх хурдасгуур гэдэг пейж бий. Манай менторын хөтөлдөг пейж. Тэнд сар бүр зохиодог сургалтуудад суудаг. Ментор хийхдээ төлбөр авдаггүй. Харин сургалтууд нь тодорхой хэмжээний төлбөртэй. Сургалт бүр даалгавартай. Тухайн даалгаврыг гүйцэтгэж байх хугацаанд их асуултууд тулгардаг. Түүнийг ментороосоо асуусаар, сорил бүрийг давсаар эцэст нь би ментороо болохыг лавласан. Таатай хүлээж авснаар одоо хүртэл намайг менторлож байна. Энэ миний эргэлтийн цэг байсан. Таван сарын өмнөх би одоогийн би хоёр их ялгаатай. Би одоо амьдарч байна даа гэж боддог. Ментор болон дасгалжуулагч гэдгийг хүмүүс өөр өөрөөр харах хэрэгтэй. Хоёр өөр зүйл болохоор. Ментор гэдэг нь миний явах замд тулгарсан саадыг туулаад үзчихсэн хүн, надад төрсөн мэдрэмж бэрхшээлд зөвлөгөө өгдөг. Одоо өөрөөсөө би яах гэж амьдарч байна вэ гэвэл итгэл төгс хэлж чадахаар болсон.

Хүнд үнэхээр эргэлтийн цэг гэж байдаг уу... Хэрвээ хүмүүсийн олонх нь ментортой болвол юу болох бол?

    Залуучуудад чөлөөт цаг гэж юу вэ гэдэг ойлголтыг өгөх нь зөв юм шиг санагдсан. Спортоор хичээллэхэд аз жаргалын гормон ялгараад, бие бялдар хөгждөг. Сайн тоглодог хүүхдүүдэд анхаарлаа хандуулж, сурах эрмэлзэлтэйг нь орхигдуулдаг. Сурах эрмэлзэлтэй хүүхдүүд, сурчихсан хүүхдүүд гэдэг өөр. Тэднийг хамтад нь бэлдсэнээр нэгнийгээ ялгаварлах эсвэл өөртөө итгэлгүй байдал үүсдэг. Түвшин түвшингээр ангилан бэлдэх нь хэрэгтэй мэт санагддаг. Хүүхэд дуртай зүйлээ бэлдээд, цойлоод гараад ирэх боломж бий. Үүнийг л харахгүй байна.

Чөлөөт цаг гэдэг нь бидний өөрсдийн оюун ухаан, би бялдрыг хөгжүүлэх хугацаа. Түүнээс тэдний үеийнхэнд зориулан чөлөөт цагийг нь үр бүтээлтэй байлгах ямар зүйлийг хийдэг талаар асуухад сургалт их хийдэг хэмээн хариулсан юм.

     Аливаа зүйлийг илүү цэнэтэй хийгээсэй гэж хүсдэг. Сургалт семинар хийх нь зөв ч өгөөжтэй юу, үгүй юу гэдэг нь асуудалтай. Үүнийг сайжруулах хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл, Оюун ухааны академийн Х.Хатанбаатар ахын сургалтад суусан. Минут бүр нь үнэ цэнэтэй. Амьдралд хэрэгжүүлэх боломжтой, түүнээс үр дүнг гаргах сургалт учраас үнэ цэнэтэй гэж хэлээд байгаа юм.

Сургууль болон нийгэмд өсвөр үеийнхний дуу хоолойг төдийлөн сонсдоггүй. Хүүхдүүдийг цуглуулсан бол чин сэтгэлээсээ ярилцаж, үзэл бодлыг нь сонсох хоёрхон цаг гаргахад л ямар их зүйл өөрчлөгдөнө гээч.

Ухамсартай хүүхдүүд зөндөө бий. Дээд үеийнхнээсээ суралцах, хоорондоо ярилцаад хийх, үзэл бодлоороо нийлдэг хүүхдүүд хамтарч ажиллах сургалтын орчин ч байхгүй байна. Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төв ашиглалтад орох үед бие даан сурах газартай болох нь гэсэн хүлээлт байсан ч тийм өрөө байгаагүйд урам хугарсан. Өөрсдийн сонирхолд тулгуурлаад аливаа зүйлийг хийхийг эрмэлздэг. Гэтэл тэднийг хүчээр ямар нэгэн зүйлд шахаж, шаардаж хийлгэх гээд байдаг. Үүнд бол боловсролын системийг муулахгүй.

Түүн шиг ийнхүү хэлэхийг хүссэн хэчнээн залуус байгаа бол. Магадгүй жижиг биендээ баймааргүй том зүйл ярьдаг гэх хүүхэд, залуус бүрийн сонсож байсан тэр л үг тэдний дуу хоолойг үгүй хийдэг байх. Ач холбогдол өгөхгүй мэт санагдах тэр үг хэн нэгний итгэл найдварыг үгүй ч хийж болох юм. Ярианыхаа төгсгөлд түүнээс жоохон ч болтугай  өөрчлөгдөөсэй гэж боддог зүйл байгаа эсэхийг асуув.

    Аав ээжүүд сэтгэлгээгээ жоохон өөрчлөөд, ойлгох гэж мэдрээсэй гэж хүсдэг. Тэдний болон бидний үеийнхэн өөр гэдгийг ойлгож байна. Багш руу бүх бурууг тулгаад, хүүхдээ бас өмөөрөхүйц биш. Жишээлбэл, хүүхэд нь би ном уншмаар байна гэхэд аваад өгөхүйц. Хүүхдийнхээ сонирхлыг хорих биш сонсож үзээсэй. Үеийнхэн маань нэгнээсээ суралцаж чаддаг болоосой гэж хүсэж байна. Нэгэндээ зөвлөөд, сайн чанарыг нь сураасай. Энэ хэзээ ийм байсан юм гэдэг хандлагыг бодохоо боливол гоё. Нэгэндээ атаархахгүйгээр нэгнээсээ суралцаж чадвал бидэнд илүү боломж бий.

Хүмүүс маш том зүйлээс аз жаргал мэдэрдэг гэж боддог. Гэхдээ зорилгодоо хүрэх үе шат нь өөрөө хэцүү байсан ч аз жаргалтай санагдана. Тэр мэдрэмж үнэхээр нандин. Би яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна хэмээн аз жаргал гэдэг үгийг сонсоод л инээмсэглэж буй түүнийг хараад цээжиндээ багтаж ядаж буй тэр их хүсэл ундарсан эрч хүчтэй өөр хэчнээн залуус байгаа бол гэж бодогдоно.

2328   0
НИЙТЭЛСЭН: Анужин